Туркийн элчин сайд Архангай аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙТурк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, Турк улсын элчин сайдын яамны захиргаа санхүүгийн хэлтсийн дарга эрхэм Ибрахим Сахин\Ibrahim SAHiN\-ийн хамт энэ сарын 11-12-ны өдрүүдэд Архангай аймагт айлчиллаа.
Хүндэт зочдод Монгол Улсын төрийн дээд одон - хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нутаг орныхоо аж амьдрал ажил үйлсийг танилцууллаа.
Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагөз, Турк улсын элчин сайдын яамны захиргаа санхүүгийн хэлтсийн дарга эрхэм Ибрахим Сахин\Ibrahim SAHiN\-ийн хамт Архангай аймгийн хувийн хэвшлийн эзэдтэй уулзаж, Турк улсын талаар дэлгэрэнгүй танилцуулж санал бодлоо солилцлоо. Монгол Улсад хоёр жил хагас болж байгаа элчин сайд монголчуудад сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд монголчуудын маш элгэмсэг дотно харьцаа, Евро-Азийн төвд ОХУ, БНХАУ дунд Монгол Улс оршдог бөгөөд ардчиллын замаар чөлөөт эдийн засгийг хөгжүүлж байгаа болон хоёр тал Урал-Алтайн хэлтэйгээрээ ижил төстэйг онцлов.
2016 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жил, элчин сайдын яам байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа юм.
78 сая хүнтэй Турк улсад төр шашин ангид байдаг байна. Турк улс нь эдийн засгаараа дэлхийд 16, Европ тивд зургаад орж байгаараа өвөрмөц бөгөөд аялал жуулчлалын диваажин орон ажээ. Өөрөөр хэлбэл жилдээ далайг үзэх сонирхолтой 35 сая жуулчин тус улсыг зорин очдог байна. Аялал жуулчлалын үйлчилгээнд орон байр орчноос илүүтэй хүний нөөц чухал гэдгийг Архангайн бизнесмэнүүд ихэд чухалчлан хүлээж авлаа. Бизнесийн харилцаанд хамгийн гол нь итгэлцэл мөнгөнөөс илүүтэйг элчин сайд зөвлөлөө. Эдүгээ Турк улсад 30000 монгол хүн байдгийн 900 нь оюутан аж. 150 орноос Турк улсад байгаа 16000 оюутны дотроос монголчууд хөдөлмөрч хичээнгүйгээрээ тэдний хайрыг татдаг байна.
Арван таван сая хүн амтай үзэсгэлэнт Истамбул хотын тухай киног Цэцэрлэг хотынхон шимтэн үзлээ.
Хүндэт зочид маань бичиг соёлын үнэт өв Тайхар чулууг үзээд хүлгийн жолоог Баянхонгор, Өвөрхангай аймгийн зүг чиглүүллээ.
Архангай аймаг Л.Булган