Хүүхдийг хөхөөр хооллох долоо хоног эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-03 08:10:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус 7 хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ.

Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсад хэрэгжүүлж байна.

6-23 сар хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус, тус өсдөг аж.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасч, хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байна.

Сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэд эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний 6 сарын дотор эндэх эрсдэл 2 дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их байдаг. Харин эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдээс арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин бага байдгийг судлан тогтоожээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, өндгөвч ба умайн хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдлийг багасгана. Эхийн сүүгээр хооллох аргыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг зэрэг олон давуу талтай гэж НЭМГ-аас мэдээлэв


Холбоотой мэдээ