“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “Аз жаргалтай гэр бүл” уриан дор мод тарьж, авто машингүй өдөр болгон тэмдэглэж өнгөрүүллээ.
Өдөрлөг Дархан хотын төв “Дархан-50 цогцолбор”-т “Идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал”-ыг хэвшүүлэх зорилготой “Нарны алхалт”, хийн дасгалын үзүүлбэрээр эхлэв. Дараа нь Дархан-Уул аймгийн хөгжлийн бэлгэ тэмдэг болсон тугаа Дархан хотынхоо төв талбайд мандуулах ёслол болсон юм. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, үйлдвэр, байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дархан-Уул аймгийн бэлгэ тэмдэг болсон аймгийн тугандаа иргэн бүр хүндэтгэлтэй хандаж Дарханыхаа хөгжил дэвшлээр бахархах зорилгоор хотынхоо зүрх нь болсон төв талбайд аймгийн тугаа мандуулах болсон гэж мөн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд онцлон тэмдэглэв. 2003 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн тугийг баталсан. Тус аймгийн туг нь орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл болгож шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгт “Хаан бугуйвч”, дээд талд нь дээш мандан бадрах галын дөл байрлуулжээ.
“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг нээж аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ:-“Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл нь юм. Иймд гэр бүлүүдийг хот дотроо амарч тухлах идэвхтэй хөдөлгөөн хийхэд нь зориулж 20.5 км дугуйн зам байгуулах болон ногоон орчныг бүрдүүлэхээр 10 мянган мод тарих зэрэг ажлуудыг эхлүүлээд байна” гэв. Гэр бүлийн өдөрлөгийг өргөн хүрээнд тайван орчинд зохион байгуулах үүднээс авто замын зарим хэсгүүдийг хааж, авто машингүй гудамжийг бий болгосон бол мөн үеэр Залуучууд театрын уран бүтээлчид, авъяаслаг хүүхэд, багачуудын тоглолт, бүжгийн болон спорт клубуудын үзүүлэх тоглолт боллоо.
Б.Норовсамбуу