Улаангомд мод бэлтгэлийн ажил дуусах шатандаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-10 16:10:34

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хэмжээнд энэ жил 470 метр куб мод бэлтгэх дээд хязгаарыг аймгийн ИТХ-аас тогтоож өгсөн байна. Тодруулбал хэрэгцээний зориулалтаар 60 метр куб мод, түлшний зориулалтаар 250 метр куб мод, хэрэглээний бургас 160 метр кубыг тус тус бэлтгэхээр болжээ.

Үүнээс одоогоор хэрэглээний бургас, хэрэгцээний зориулалтаар мод бэлтгэх лимит дууссан байна. Харин түлшний зориулалтаар 100 метр куб модны эрхийн бичиг олгох лимит хараахан дуусаагүй байгаа аж. Мод бэлтгэлийн ажил ирэх сарын 20-ны өдөр дуусах юм байна.

“Мод бэлтгэх зөвшөөрөлгүй, мөн мэргэжлийн байгууллагын заасан газраас буюу тусгаарласан газраас модоо бэлтгээгүй зэрэг зөрчлийг иргэд их гаргадаг. Иймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэг шоо метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмсэн шийдвэр гаргасан. Одоо харин ард иргэд ухамсартай байж, энэ төрлийн хууль бус үйлдэл хийж, эдийн засаг болон бусад хүчин зүйлсээрээ хохирохгүй баймаар байна” хэмээн Улаангом сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч М.Даваа хэллээ.

Холбоотой мэдээ