Эмч гэр бүл мэргэжилтэн дутмаг байгаа орон нутагт ажиллах хүсэлт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-14 17:54:01

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Д.Дөлбаяр болон түүний эхнэр Н.Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өнөөдөр гаргажээ.

Төрөлх нутаг Увс аймагт нь эмч мэргэжилтэн дутагдаж  байгааг сонсоод эмч гэр бүл ийнхүү шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа эмч гэр бүлийн томоохон хувь нэмэр гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр онцоллоо.

Мөн тэрбээр төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах санаачилга гаргаж байгаа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах,  нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэргээр дэмжих болно. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин, улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна.

Холбоотой мэдээ