Ираны эсрэг хоригийг сунгах тухай АНУ-ын санаачилсан тогтоолыг дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-15 09:48:22

НЬЮ-ЙОРК. /ТАSS/. Ираны эсрэг зэвсгийн хоригийг сунгах тухай АНУ-ын санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэх явцад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улсуудын ихэнх нь түдгэлзсэн санал өгчээ. Энэ тухай 8 дугаар сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй НҮБ дэх Индонезийн Байнгын төлөөлөгч Диан Трианшах мэдэгдлээ.    

Түүний хэлснээр, тогтоолыг батлахыг АНУ, Доминикан улс хоёр дэмжсэн бол ОХУ болон БНХАУ эсрэг санал өгчээ. Харин Франц, Их Британи, Бельги, Герман, Вьетнам, ӨАБНУ, Индонез, Нигер, Сент-Винсент ба Гренадин, Тунис, Эстони гэсэн 11 улс түдгэлзсэн санал өгсөн учраас уг тогтоолыг батлаагүй байна.


Иранд зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийн үйлчлэх хугацаа Ираны цөмийн хэлэлцээрт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 18-нд дуусах ёстой юм.


НҮБ-ын Төв байранд цар тахлын үеийн хорио тогтоосон учраас тогтоолыг батлах санал хураалтыг бичгээр явуулсан байна.  


Санал хураалтын болохын өмнө баасан гарагт ОХУ-ын В.Путин мэдэгдэхдээ “ойрын үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 5 улс ба Герман, Ираныг оролцуулан Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар Дээд хэмжээний онлайн уулзалт хийх”-ийг санал болгосон билээ.    

Холбоотой мэдээ