Хонконгт коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-25 12:04:40

ЛОНДОН. /BBC/. Хонконгт коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Хонконгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Дөрөв орчим сарын өмнө “Covid-19”-өөр халдварлаж байсан эрэгтэйд халдвар дахин илэрсэн байна. Хоёр дахь удаагаа халдварлах үед өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж. 


Вирусыг судалж үзэхэд РНХ нь халдварын анхны тохиолдлыг үүсгэсэн “SARS-Cov-2 омгийн генетикийн кодоос эрс ялгаатай байжээ. “Covid-19”-өөр өвчилсөн хүмүүст вирусний эсрэг дархлаа тогтож байгааг эрдэмтэд мэддэг боловч энэ нь хэр үр дүнтэй, хэр удаан үргэлжилдэг нь тодорхойгүй байна.  Вирусний эсрэг дархлаа тийм ч удаан тогтдоггүй байж магадгүйг Хонконгт илэрсэн тохиолдол харуулж байна.


Covid-19”-өөр халдварласан, өдгөө 33 настай Хонконгийн оршин суугч дөрөвдүгээр сард эмнэлгээс гарчээ. Эмч  нар түүнийг бүрэн эдгэрсэн гэж үзсэн байна. Гэсэн ч тэрбээр 8 дугаар сард Испаниас ирэх үедээ шинжилгээнд хамрагдахад дахин коронавирус илэрчээ.


Коронавирусээр дахин халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тухай Хятадын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн. Тодруулбал, коронавирусээр халдварласан хүмүүсийн 5-15 хувьд дахин халдварласан тохиолдол илэрсэн хэдий ч ийм тохиолдлууд нь үнэхээр дахин халдварласан уу эсвэл анхны эмчилгээгээр тэднийг дутуу эмчилсэн үү гэдгийг итгэл төгс хэлэх боломжгүй юм.


Хүмүүс коронавирусээр ханиадтай адил нэгээс илүү удаа халдварладаг нь тодорхой болвол энэ нь вакцинжуулалтын үйл явцыг нэлээд хүндрүүлэх юм. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргахад эрт байна гэж ДЭМБ мэдэгджээ.


Олон хүчин зүйлс одоогоор тодорхойгүй байгаа учир шинжлэх ухааны нийтлэлд Хонконгийн өвчтөний шинжилгээний дүнг нийтлээгүй байна. 

Холбоотой мэдээ