Индонезод мутацид орсон коронавирусний омог илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-08-31 14:46:48

СИНГАПУР. /TASS/. Индонезын эрдэмтэд тус улсаас мутацид орж, өөрчлөгдсөн коронавирусний омог /штамм/ илрүүлсэн гэж “The Star” сонин мэдээлжээ.


Уг омгийг шинжлэх ухааны хүрээнийхэн “D614G мутац" гэж нэрлэсэн байна. “Урьдчилсан мэдээгээр, Индонезод халдвар хүмүүсийн 40 хувь нь энэ өөрчлөгдсөн вирусээр халдварласан” гэж Жакарта хотод байрладаг Эйкман Амин Соебандриогийн нэрэмжит Молекулын биологийн хүрээлэнгийн дарга мэдээлжээ. Үүний сацуу тэрбээр “илүү нарийн зураглал гаргахын тулд нэмж судалгаа хийж байгаа болохыг” хэлсэн байна.


Эрдэмтний хэлснээр, “D614G” мутац байгаа тохиолдолд "вирус илүү хурдан халдварладаг" аж. Гэхдээ "энэ омгийн халдвар авсан хүмүүс илүү хүнд өвчилж байгааг нотлох шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна". 


Коронавирусний мутац Европ, Мексик, Бразилд, мөн Хятадын Ухань хотод цар тахлын эхэн үеийн сорьцоос бүр хоёрдугаар сард илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өмнө нь мэдээлсэн юм. Үүнээс гадна, мөн Филиппинд өөрчлөгдсөн омог байгаа болохыг эрдэмтэд хоёр долоо хоногийн өмнө баталжээ.


Одоогийн байдлаар Индонезод коронавирусний халдварын 172 мянга гаруй тохиолдол батлагдаж, 7300 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн хэдэн өдөр тус улсад халдварын тохиолдол огцом нэмэгдэж эхэлжээ.  


Холбоотой мэдээ