Д.Гантулга: Манай төгсөгчдийн 70-80 хувь нь шууд ажлын байраар хангагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-09 14:35:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн захирал Д.Гантулгатай ярилцлаа. Тус төв нь 2020-2021 оны хичээлийн жилд 51 багш ажилтан, 470 гаруй суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж, нийт зургаан салбарын 24 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн нийлүүлж байна. МСҮТ-ийг Боловсролын Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2019 онд таван жилээр магадлан итгэмжилжээ.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Аймгийн МСҮТ 2020-2021 оны хичээлийн жилд хэдэн төрлийн мэргэжлээр, хэчнээн суралцагчийг шинээр элсүүлэв?

-Сүхбаатар аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн МСҮТ нь 2020-2021 оны хичээлийн жилд нийт есөн мэргэжлээр 260 гаруй суралцагчийг шинээр элсүүлэн сургалтаа эхлүүлээд байна. Энэ нь өмнөх оны элсэлтүүдээс өссөн үзүүлэлт юм.

-Шинээр элсэн суралцагчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн гэлээ. Энэ бол сайн тал гэж харж байна. Шалтгаан нь?

-Улс, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад дээд боловсролтой хүнээс илүү мэргэжилтэй ажилчны эрэлт хэрэгцээ их байна. Үүнээс гадна МСҮТ-д суралцагчдыг төр засгаас бодлогоор дэмжиж, сар бүрийн тэтгэлгийг нэмсэн. Манай төгсөгчид ажлын байраар шууд хангагдаж байгаа зэрэг нь элсэлт нэмэгдэх гол шалтгаан гэж бодож байна. Ер нь мэргэжилтэй боловсон хүчнийг ингэж бодлогоор дэмжих нь зөв.

-Ямар төрлийн мэргэжил хамгийн их эрэлттэй байна?

-Сүүлийн жилүүдэд барилгын салбарын болон тээврийн салбарын мэргэжлүүд хамгийн их эрэлттэй байна. Бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Орон нутагт ч барилгын өрөгч угсрагч, барилгын засал чимэглэлч болоод авто машины засварын ангиудад хамгийн их суралцагч байдаг. Тэд ч төгсөөд шууд ажлын байртай болох боломж нь өндөр.

-Өнгөрсөн жил төмөр замын ажилтны ангид элсэлт авч байсан. Энэ жил энэ анги байгаа юу?

-УИХ-ын 2010 оны 32-р тогтоолоор Даланзадгад-Сайншанд-Баруун-Урт- Хөөт- Чойбалсан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг орон нутагт хийхээр болсонтой уялдуулж 2012 оноос төмөр замын замчин мэргэжлээр 100 гаруй мэргэжилтэй ажилтныг орон нутагт бэлтгэн гаргаад байна. Үүнээс 90 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байна. Энэ жил төмөр замын ангид элсэлт аваагүй.

-Төгсөгчдийн хувьд ажлын байраар хангагдах боломж их байдаг гэлээ. Үүн дээр МСҮТ-ийн зүгээс яг хэрхэн анхаарч ажилладаг юм бэ?

-Өнгөрсөн жилийн нийт төгсөгчдийн 75 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Төгсөгчдийг ажлын байраар хангах зорилгоор аймгийн ХХҮГ болон Ажил олгогчидтой хамтран ажиллаж зуучилдгаас гадна манайх суралцаж байх хугацаанд нь суралцагчдыг хоршоо, бүлэг болгон ажиллуулдаг. Ингэснээр суралцагчид суралцаж байх хугацаандаа бие даан хөдөлмөр эрхлэх чадавхыг эзэмшдгээрээ давуу талтай. Энэ бол манай сургалтын гол үйл ажиллагааны нэг бас давуу тал.

-Танайх насанд хүрэгчдэд мөн мэргэжил олгох сургалтыг явуулдаг шүү дээ. Энэ талаар?

-Насанд хүрэгчдэд нэг жилийн болон 15-45 хоногийн богино хугацааны мэргэжлийн сургалтыг явуулж байна. Энэ хичээлийн жилд нэг жилийн сургалтаар Барилгын засал чимэглэлч, гагнуурчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, фермерийн аж ахуй эрхлэгч  зэрэг мэргэжлээр 110 суралцагчийг элсүүлэн сургаж байна. Мөн залуучуудад шаардлагатай байгаа ур чадварын хэрэгцээнд тулгуурлан богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Сүхбаатар аймагт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулах үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрхийг авч, одоогоор орон нутгийн 1000 гаруй ажилтныг сургалтад хамруулаад байна.

-Олон төрлийн мэргжлээр бүх насныхныг бэлтгэж байна. Сайн ажилтан бэлтгэж гаргахын тулд сайн багш хэрэгтэй. МСҮТ-ийн багш ажилчдын орон тооны хүрэлцээ, чадамж хэр юм бэ?

-Багшлах боловсон хүчний хувьд бүгд таваас дээш жил ажилласан багш нар ажиллаж байна. Багш нарыг хөгжүүлж,  чадавхыг сайжруулах үүднээс багш хөгжлийн төвийг нээн ажиллуулаад дөрөв дэх жилээ үдэж байна. Ингэснээр багш нар ажлын байран дээрээ мэргэшиж ур чадвар нь өсөж байна. Мөн багш нарын зөвлөлийг байгуулан багш нарыг цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж хэрэглэх, спорт, гадаад хэл, заах арга зүй, судалгаа шинжилгээ гэсэн таван чиглэлээр хөгжүүлж байна. Хөдөө орон нутаг учраас зарим нарийн мэргэжлийн багш дутагдалтай байгаа нь үнэн. Жишээлбэл төмөр замын ангид тогтмол элсэлт авъя гэхээр энэ чиглэлээр мэргэжлийн багш одоогоор манайд алга.

-МСҮТ төрийн болон ТББ-уудтай хэрхэн хамтарч байна?

-Мэргэжлийн боловсрол сургалтын үйлчилгээ нийгмийн түншлэл дээр суурилж явагдаж байдаг. Ийм учраас МСҮТ төрийн болон төрийн бус байгууллага ААН-үүдтэй байнгын нягт хамтран ажилладаг. Сургалтын хөтөлбөр шинэчлэн боловруулах, суралцагчдыг дадлагажуулах, багш нарыг туршлага судлуулах, сургалтын орчин сайжруулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. ТББ болон ААНБ-уудтай гэрээ байгуулж, суралцагчдыг дадлагад хамруулах, дадлагажиж байх  хугацаанд болон төгсөөд шууд ажлын байраар хангах зэргээр хамтарч ажилладаг нь маш сайн үр дүнгээ өгдөг. Мөн манайх ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшиний сургуультай хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн залуусыг магистрын сургалтад хамруулан 60 гаруй магистр бэлдээд байна.

-Энэ хичээлийн жил бол боловсролын байгууллагуудын хувьд онцгой жил. Бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд тусгай  горимоор ажиллаж байна. МСҮТ-ийн хувьд аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байна?

-Энэ хичээлийн жил "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдалд эхэлж байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэлээд их ажлыг нэмэлтээр хэрэгжүүлж хяналт тавьж байна. Үүнд: Суралцагчдын орох, гарах урсгалыг давхардуулалгүй зохион байгуулж, биеийн халууныг хэмжих, ангиудын хичээлийн оролт, гаралтыг зөрүүлэх, суралцагчдын хоорондын зайг бариулах, хамгаалах хэрэгслүүдийг бүрэн өмсгөх, анги танхимын агааржуулалт, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх ажлуудыг хэрэгжүүлэн хяналтын хуудсаар шалган баталгаажуулж байна. Мэргэжлийн байгууллагуудаас тогтмол заавар зөвлөгөө авч хамтран ажиллаж байна.

-Зав гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ