“Нийгмийн эгэх хариуцлага төсөл” хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:13:27

Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт “Нийгмийн эгэх хариуцлага” төсөл хэрэгжихээр болсон байна.

Тус төслийн зорилтот бүлгээр Увс аймаг сонгогдсонтой холбогдуулан оролцогч талуудад “Нийгмийн эгэх хариуцлага”-ийн тухай нэгдсэн ойлголт өгөх, эрүүл мэнд, боловсролын салбарын нийтлэг тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг боловсруулах зорилго бүхий уулзалт боллоо. Энэхүү уулзалтад аймгийн төвийн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч нар, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 50 гаруй хүн хамрагдсан юм.

“Нийгмийн эгэх хариуцлага” төслийн Улаанбаатар хотноо болсон сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, “Өсвөр үе ирээдүй төв” ТББ-ын тэргүүн В.Төөрүүл нар оролцож, сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

Монгол Улсын 10 аймаг болон нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжих уг төслийг нийт санхүүжилт нь 3 сая ам.доллар бөгөөд 2016-2019 оны хооронд манай улсад  хэрэгжих аж.

“Нийгмийн эгэх хариуцлага” гэдэг нь иргэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлага тооцохыг хэлэх бөгөөд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талуудын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ