Ирцийн босгогүй сонгууль

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-09-14 13:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулийн ажил хуулийн хүрээнд ид өрнөж байна. Тус сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслүүд 2020-09-09-нд (лхагва гарагт)  нэр дэвшигчдээ харьяалах аймаг, нийслэл сум, дүүргийн сонгуулийн хороодод холбогдох материалын хамт хүлээлгэн өгсөн билээ. Нэр дэвшигчид энэ 7 хоногт тодорно. Шат шатны хуралд нэр дэвшигчдийн нэр бүртгэгдээгүй тохиолдолд, дахин болон нөхөн нэр дэвших боломж хуульд бий. Үндсэн хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжид хуваагдах зарчимтай.


Монгол Улс нийслэл,  21 аймаг 330 сум 1634 баг, 9 дүүрэг 172 хороотой. Тэнд амьдарч байгаа  иргэд аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоно. Шат шатны ИТХ нь хүн амын тооноос хамаараад төлөөлөгчдийн тоо янз бүр байдаг. Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдардаг гэх нийслэл (сая 455 мянга 397 хүн амтай), НИТХ-ын 45 төлөөлөгчийг олон мандаттай 23 тойргоос сонгоно.


Нийслэл дүүргүүдэд хуваагдана. Дүүргүүдийн тухайд  төвийн болон алслагдсан гэдэг ойлголтоор авч үзэж болно. Алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргүүд төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэйг бодвол хамаагүй цөөхөн хүн амтай. Түүнийгээ дагаад ИТХ-д цөөн төлөөлөгч (15) сонгогдоно. Төвийн дүүргүүд ч хоорондоо хүн амын тоо нь харилцан адилгүй. Сонгинохайрхан дүүрэг (СХД) 43 хороо (хамгийн олон)-той 324 мянган 365 хүн амтай, ИТХ-ын 41 төлөөлөгчтэй. Хурлын төлөөлөгчдийг 2016 онд нэг мандаттай 41 тойргоос сонгосон байдаг. Энэ жил олон мандаттай 21 тойргоос сонгоно.Тэгвэл Чингэлтэй дүүрэг (ЧД) 19 хороотой 153 мянга 116 хүн амтай, ИТХ 35 төлөөлөчтэй. Тус дүүргийн хурлын төлөөлөгчдийг 2016 онд нэг мандаттай 35 тойргоос сонгосон. Энэ жил 17 тойргоос 35 төлөөлөгчийг сонгоно. Иш татсан хоёр дүүрэг төдийгүй Нийслэлийн сонгогчид хоёр шатны хурлын 273 төлөөлөгчийг олон мандаттай тойргоос сонгоно.  


Засаг захиргааны нэгж, хүн амын тооноос хамаараад ИТХ-ын төлөөлөгчийн тоо янз бүр байдаг. Нийт 21 аймгаас найман аймгийн ИТХ тус бүр 41 төлөөлөгчтэй байна. Говьсүмбэр аймгийн ИТХ-д 17 төлөөлөгчтэй. “Орон нутгийн сонгуулийн тухай” хуульд “Аймгийн төвийн баг болон сум тус бүр сонгуулийн тойрог болно. Хүн амын тоо 5000 мянгаас дээш бол нэмж, сонгуулийн тойрог байгуулж болно” гэсэн зохицуулалттай. Хуулийн зохицуулалтаас харвал аймгийн төв гэсэн ойлголт гарч ирнэ. Аймгийн төвд Орхон (Эрдэнэт) аймаг (Баян-Өндөр сум)103 мянга 625, Дархан –Уул  аймаг (Дархан сум) 86 мянган хүн амтай. Үндсэн хуулийн нэмэлтээр энэ хоёр аймаг хотын статустай болно. Харин үлдсэн 19 аймгийн төвөөс Хөвсгөл 40 мянга 640 (Мөрөн), Дорнод 46 мянга 465 (Хэрлэн) хүн амаар толгой цохиж байна. Аймгийн ИТХ-ын тойрог нэмж байгуулж болох 5000 -аас дээш хүн амтай сумаар Өвөрхангай аймаг бусдыгаа тэргүүлж байна. Тус аймагт Арвайхээр 32 мянга 619, Бат-Өлзий 7591, Богд 5673, Уянга 9567, Хархорин 12 мянга 395, Хужирт 6815 гэсэн 7 суманд 5000 дээш хүн ажиллаж амьдарч байна.  Улсын хэмжээнд таван мянгаас  дээш хүн амтай  61 сум  байдаг аж. Ийм болохоор дээрх сумдад тухайн аймгийн ИТХ-ын тойрог нэмж байгуулах боломжтой. Энэ хэлбэрээр аймаг тус бүр өөр өөрийнхөө ИТХ-ын төлөөлөгчдийг олон мандаттай томсгосон тойруудаас сонгоно.


Монгол Улсын 330 сумыг Сэлэнгэ аймгийн Мандал сум 27 мянга 126 хүн амаар тэргүүлж  байна. Тус сум хоёр тосгон, есөн багтай. Харин мянга хүрэхгүй хүн амтай 1 сум (Завхан аймаг Асгат 997) байх юм. Эндээс нийт 330 сумын  хүн амын тоо харилцан адилгүй байгааг харж болно. Сумын ИТХ-д багууд тойрог болно. Олон мандааттай тойргуудаас ИТХ-ын төлөөлөгчид сонгогдоно. Орон нутгийн сонгуулийн энэ жилийн онцлог нь сонгогчдын ирцийн босго тогтоогоогүй. Ийм болохоор ирцийн маргаан, нэмэлт санал хураалтгүй сонгууль болно. Эдгээрээс гадна санал хураах цаг өглөөний 7:00-оос үдшийн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ