Дөрвөн эмнэлэгт PCR оношилгооны лаборатори байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-01 13:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлэх Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн нээлт  Туушин зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт “COVID-19” халдварын оношилгооны PCR лаборатори байгуулах юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслах зорилгоор “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-иас 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгожээ.


НҮБ-ын Хүн амын сан энэхүү хандивыг ЭМЯ-ны дэмжлэгтэй хоёр чиглэлд зарцуулах юм. Монгол Улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг Дорноговь, Өмнөговь аймаг, мөн Улаанбаатар хотын ЭХЭМҮТ, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэгт PCR молекулын оношилгооны лаборатори байгуулах юм. Мөн эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх аж.


Нээлтийн үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава хэлэхдээ, “Дэлхий дахинаа нүүр тулаад буй цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Төслийн хүрээнд нэвтрүүлэх телемедицин үйлчилгээний ачаар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмчийн хяналтад байх шаардлагатай иргэд хол зам туулахын оронд гэрээсээ, аль эсвэл анхан шатны эрүүл мэндийн төвөөсөө өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг авах боломжтой болно. Ингэснээр иргэдийн дунд “COVID-19” халдвар гарсан тохиолдолд эмнэлэг орж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ ямар ч үед тасалдахгүй байх боломж бүрдэж байна” хэмээв.


Төслийн хүрээнд сум, баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нарыг зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, программаар хангах юм. Мөн анхан шатны эмч нарыг мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зааварчилгаа, чиглэл авахад шаардлагатай чадвар олгох сургалтад хамруулах аж.

 

“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал хэлэхдээ, “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаардаг” гэдгийг тодотгосон юм.

Дөрвөн эмнэлэг PCR лабораторитой болсноор “COVID-19” халдвар төдийгүй томуу, томуу төст өвчин, эмэнд тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замаар дамждаг халдварт өвчин, мөн цоо шинэ болон дахин идэвхжиж буй халдварт өвчнийг түргэн шуурхай оношлох хүчин чадал нэмэгдэх аж.

Энэхүү төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх юм.


Тодруулга: Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас “COVID-19”-ийн эсрэг хийж буй ажлууд

НҮБ-ын Хүн амын сан охид эмэгтэйчүүдийн эрх, эрхэм чанарыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын тэргүүлэгч салбар агентлаг юм. Цар тахал гарснаас хойш Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Монголын иргэдийг цар тахалтай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэхээр хөрөнгө босгох ажлуудыг амжилттай хийж, цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээг тасалдуулахгүй байх, хүнд цаг үеийг даван туулах эрүүл арга замуудыг сурталчлах ажлыг хийж байна. Мөн тусгаарлалтад байгаа охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэн шаардлагатай ариун цэвэр, эрүүл ахуйн багцаар, эх хүүхдийн эмнэлгүүдийг хувийн хамгаалах хэрэгсэл, амьсгалын аппаратаар хангаж байгаа аж.



Холбоотой мэдээ