Хөвсгөл аймагт 11000 гаруй ахмад амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-02 09:12:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдарч байна. Олон улсын ахмадын баярын өдөрт зориулан хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж, Мөрөн сумын 14 баг тус бүрээс 20 төлөөлөгч, чөлөөлөх дайны ахмад дайчид, Монгол Улсын гавьяат  цолтнууд зэрэг 300 гаруй ахмад настан оролцлоо.   

Энэ үеэр аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар сүүлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч танилцуулж байлаа. Энэ хугацаанд тус аймгийн 14 суманд 17 ахмадын өргөө шинээр барьж бүтээн байгуулалтад 1,9 тэрбум төгрөг зарцуулжээ.


Аймгийн хэмжээнд 7000 гаруй харьяалалгүй ахмад байгаа бөгөөд аймгийн Ахмадын хорооноос эдгээр ахмадуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хамааруулж ахмадуудаа баярын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулдаг болжээ. Өөрөөр хэлбэл харьяалалгүй гэсэн нэрийн дор ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй ахмадуудыг тодорхой хэмжээнд  хамааралтай болгосноор бусад ахмадуудын адил олон ажилд оролцох боломж бүрдсэн байна. Сүүлийн 3 жилд 101 аж ахуйн нэгж  байгууллагын дэргэд ахмадын зөвлөлүүд албан ёсоор байгуулагдаж 61 ахмад настны сантай болжээ. Мөрөн сумын ахмадууд нийтийн тээврээр үнэгүй зорчдог болсон ахмаддаа хүрсэн үйлчилгээ хүргэж байгааг аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар танилцуулж ахмадуудад шагнал урамшуулал олголоо.

 

Холбоотой мэдээ