Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-06 10:26:18

Архангай /МОНЦАМЭ/. Цаг агаараас үүдэлтэй гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, ган бүхий аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах зорилгоор Улсын онцгой комиссын шуурхай бүлэг энэ сарын 3-ны өдөр Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусний халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлын талаар, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Архангай аймгийн 2020 оны зуншлагын байдал, 2020-2021 оны бэлчээрийн даац, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт хадлан бэлтгэх талбай гарган өгч, аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 300.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдын мал махыг борлуулах, экспортод гаргах асуудлыг шийдвэрлэх, тус аймагт гадны аймгаас отор нүүдэл оруулахгүй байх, өвөлжилт хүндэрсэн үед Архангай аймгийн малчдыг аймаг дундын отрын бүс нутагт отроор өвөлжүүлэх асуудлыг тус тус шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Шуурхай бүлгээс өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 300.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малын мах экспортлох, отор нүүдлийн талаар тавьсан хүсэлтийг Улсын онцгой комисст танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулахаар ажиллана гэдгээ хэллээ.

Мөн орон нутаг удирдлагын менежментээ сайжруулж, отроор өвөлжиж байгаа иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын шинжээч Н.Наранчулуун, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг нар байв. 

Холбоотой мэдээ