Оросын вакцины нэг тунгийн үнийг хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПОНИЗОВКА. /TASS/.
Оросын коронавирусний вакцины үнэ нэг тун нь нэг мянган
рублиэс хэтрэхгүй бөгөөд цаашид үнэ нь буурна гэж ОХУ-ын Монополийн эсрэг албаны
тэргүүн Игорь Артемьев мэдэгдсэн байна.
"Вакцин харьцангуй бага хэмжээгээр гардаг бөгөөд
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бидэнд хөрөнгө мөнгө шаардлагатай учир вакцины
нэг тунгийн үнэ нэг мянган рублийн дотор багтана гэж бид харж байгаа. Үнийг хараахан
тогтоогоогүй байгаа ч мянган рублиэс бага байх болно. Цаашлаад улс орнуудын
үзүүлэлт гарч ирэхэд үнэ нь буурах болно” гэж тэрбээр хэлжээ. ОХУ-д гарган
авсан гурван вакцины алиных нь үнийн талаар яригдаж байгааг тэрбээр дурдаагүй
байна.
“Вектор” төв сайн дурынхан дээр вакцины эмнэлзүйн
туршилтыг явуулах зөвшөөрлөө Эрүүл мэндийн яамнаас 7 дугаар сарын 24-нд авчээ.
Эхний сайн дурын хүн 7 дугаар сарын 27-нд тариулсан бол сүүлийн 20 хүнээс
бүрдсэн бүлэг эмнэлзүйн туршилтуудад оролцож, 9 дүгээр сарын 8-нд эмнэлгээс
гарчээ. Вакцины эмнэлзүйн туршилтууд 9 дүгээр сарын 30-нд дууссан тухай Оросын
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын тэргүүн Анна Попова мэдэгдсэн байна.
Вакцины бүртгэлийн үйл явцыг 10 дугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөж
байна.