Францын дөрвөн хотод халдварын түгшүүрийн түвшнийг ахиулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-09 10:43:33

ПАРИС. /BBC/. Францын Засгийн газар коронавирусний халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан дахин дөрвөн хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.


Лион, Лилль, Гренобль, Сент-Этьен хот нь бямба гаргаас түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарласан бүсийн тоонд орно. Ингэснээр өнгөрсөн сард Марсель, энэ долоо хоногийн эхээр Парист тогтоосонтой нэгэн адил зоогийн газар, шөнийн цэнгээний газруудыг хаах юм.


Францад халдварын тохиолдлын тоо 18129-өөр нэмэгдсэн пүрэв гарагт дээрх шийдвэрийг олон нийтэд танилцуулжээ. “Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хотод нөхцөл байдал хүндрээд байна. Өдөр ирэх тусам шинээр халдвар авсан хүний тоо улам олноор нэмэгдэж байна” гэж Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ.


Францад 100 мянган хүн тутамд халдварын 250-аас олон шинэ тохиолдол бүртгэгдсэн, эрчимт эмчилгээний тасгийн орны 30 хувь нь дүүрсэн тохиолдолд түгшүүрийн хамгийн өндөр түвшин тогтоож байгаа ажээ.


Үүнээс гадна Нидерланд, Польш, Украин, Чехэд пүрэв гарагт халдварын тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдсэн байна.


Мөн Европтоо цар тахлыг амжилттай хяналтад авч буйд тооцогдож байсан Германд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлжээ. Германд пүрэв гарагт халдвар авсан хүний тоо 4000 гаруйгаар нэмэгдсэн нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Европын бусад оронд:

  • ОХУ-д халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр гэртээ байхыг ард иргэдэд уриалжээ.
  • Бельгийн нийслэл Брюссель хотод бүх шөнийн цэнгээний газар, кафе, цайны газрыг сарын турш хаах шийдвэр гарсан байна.
  • Италичууд гадуур явахдаа ямар ч тохиолдолд заавал амны хаалт зүүх шаардлагатай болжээ.
  • Украин, Польш, Чех, Словакт өдөрт халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдсэн байна.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Европт өнөөдрийн байдлаар 6.5 сая гаруй хүн халдвар авчээ. 
Холбоотой мэдээ