Японы Ерөнхий сайд анхны айлчлалаа Вьетнам, Индонезод хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-13 14:45:12

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газрын тэргүүний хувиар гадаадад хийх анхны айлчлалаа ирэх долоо хоногт Индонез болон Вьетнам улсад хийхээр болсноо эрх баригч Либерал-Ардчилсан намын удирдлагын хурлын үеэр мэдэгджээ.


Вьетнам улс одоо Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоог (АСЕАН) даргалж байгаа учир айлчлах улсаар сонгогдсон бол Индонез нь бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн том гүрэн юм гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мягмар гарагт Токио хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. “АСЕАН-тай хийж буй харилцаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгоход маш чухал юм” тэрбээр хэлжээ.


Сүга Ёшихидэ Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо нартай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Япон, АСЕАН-ы харилцааг бэхжүүлэх, мөн Өмнөд-Хятадын тэнгисийн байдал байх төлөвтэй байна. Сүүлийн үед Өмнөд-Хятадын тэнгисийн асуудлаарх АНУ, БНХАУ-ын зөрчил хурцдаад байгаа юм.


Японы парламент есдүгээр сарын 16-нд Сүгаг Японы шинэ Ерөнхий сайдаар баталсан билээ. Үүнээс хоёр хоногийн өмнө тэрбээр эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон юм. Сүга эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон Абэ Шинзогийн Засгийн газарт сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албыг найм орчим жил хашсан билээ.


Холбоотой мэдээ