Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-21 13:22:24

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Норвегид урьд өмнө бүртгэгдээгүй коронавирусний мутаци тус улсын Тронхейм хотод илэрсэн талаар “Verdens Gang” сонин мэдээлжээ.


Аравдугаар сарын 16-18-ны хооронд Тронхейм хотын найман оршин суугчаас шинэ төрлийн вирус илэрсэн байна. Тэднээс авсан сорьцыг Норвегийн эрүүл мэндийн хүрээлэнд шинжилгээнд явуулжээ.


“Энэ нь Норвегид урьд өмнө илэрч байгаагүй вирусийн шинэ хувилбар болохыг урьдчилсан дүгнэлтээр тогтоосон” гэж Тронхейм хотын ерөнхий эмч Туве Рёсстад хэлсэн байна. Энэ мутаци нь тус улсад илэрсэн коронавирусний бусад төрлүүдээс илүү их халдвартай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.


Норвегид коронавирусний халдвар авсан хүний тоо 16 мянга давсан байна. Тус улсад сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо хэдэн аравт хүрч нэмэгдсэн бол сүүлийн үед зуу ба түүнээс дээш болсон нь долдугаар сарын эхэн үеийнхээс хамаагүй өндөр үзүүлэлт байна. Цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвараар 278 хүн нас баржээ. Одоогийн байдлаар нийт 1.2 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна.


Холбоотой мэдээ