Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-12 11:34:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгалаа.  

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн нутаг дэвсгэрээс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-13-ны өдөр хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан байсан.

Тэгвэл энэ удаагийн хурлын үр дүнд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” тухай аймгийн Засаг даргын захирамжийн  2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэлх шийдвэрийг сунгаж, 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цаг болгов.  

Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай сум хооронд зорчих иргэдийн нотломжийг үндэслэн “Шалган нэвтрүүлэх пост”-оор шуурхай нэвтрүүлэх чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллана.  

Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг Ховд аймгийн Булган сумын “Булган боомт”-оор экспортолдог “МоЭнКо” ХХК, төмрийн хүдрийн “Эй-эл-жи-ти” ХХК-ийн цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тээвэр хийх зөвшөөрлийг олгох аж. 

Түүнчлэн Улсын Онцгой комиссын Дөрөвдүгээр албан даалгавраар эхлүүлсэн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяны үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах юм.

Холбоотой мэдээ