А.Ганбаатар: Бид 2028 онд Азийн шилдэг 10 холбооны нэг болох зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-17 15:05:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн /193/ орнуудаас олон, 211 улсыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бол Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ гэдгээрээ хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл бол хөлбөмбөгийн спорт юм.


Манай гарагийн хамгийн олон үзэгчтэй спорт гэдгийг батлах ганц жишээг дурдахад, зуны олимпын наадмаас 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу тэмцээн болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ бүтэн сарын турш үргэлжилдэг билээ. Монгол Улсад хөлбөмбөгийн спортын албан ёсны холбоог байгуулан хөгжөөд өдгөө 61 жил болж байна.


Монголын хөл бөмбөгийн холбооны хөгжлийн түүхэн эх сурвалжаас...


1921-1945 он. Хуучин ЗХУ-д суралцсан сэхээтэн залуус, зөвлөлтийн мэргэжилтнүүд хөл бөмбөгийг анх монголчуудад таниулан дэлгэрүүлсэн.



1945-1950 он. Хөл бөмбөгийг хүүхэд залуус ихэд сонирхож олныг хамруулсан тэмцээн зохион явуулах болов.


1959 он. 10 дугаар сарын 30-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-г албан ёсоор байгуулав.


1960 он. Монголын анхны шигшээ баг, Вьетнамын Ханой хотноо 4 орны нөхөрсөг тоглолтод оролцов.


1976 он. Монгол Улсын залуучуудын хөл бөмбөгийн анхны аварга шалгаруулах тэмцээн боллоо.


1950-1980. Хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн дунд хот, УАШТ-үүд тогтмол болж үе үеийн олон шилдэг тамирчид төрсөн юм.  


1996 он. Монголын анхны Лигийн тэмцээн боллоо. 1997 онд МХБХ-г шинэчлэн зохион байгуулав.


1997 он. МХБХ нь Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны гишүүн болов.


1998 он. ОУХБХ/FIFA/-ны гишүүн байгууллагаар МХБХ-г элсүүлэв.


2000 он. ОУХБХ-ны санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болсон юм.


2001 он. Монгол Улсын шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцов.


2011 он. МХБХ-ноос футзалны хөл бөмбөгийг албан ёсны дүрмийн дагуу хөгжүүлж эхлэв.


2013 он. Футзалны 610 хүний суудалтай зориулалтын шалтай шинэ ордонтой болов.


2014 он. МХБХ-ны дэргэд албан ёсны эрх зүйн байгууллагуудтай боллоо.


2015 он. FIFA болон AFC-нийн төслөөр 3 стандарт, 7 жижиг талбайг ашиглалтанд оруулах ажил эхэллээ.


2015 он. Эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулж, мөн эмэгтэйчүүдийн Лигтэй болов.


2015 он. Унгарын Пушкаш академид 10 залуу тамирчин суралцаж, Тэднээс Г.Ганбаяр анх удаа Европын орны лигт тоглож байна.


2015 он. Жил бүрийн 12 дугаар сарын 12-нд “Алтан бөмбөг”-ийн шилдгүүдийг шалгаруулдаг болов.


2017 он. МУБИС-д хөл бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагчийн анги нээв.


2018 он. МХБХ-г АХБХ /AFC/-ноос “Оны өсөн дэвжиж буй холбоо” хэмээх шагналаа хүртээв.




2018 он. “Dream Asia Awards”-ын “Dream Asia-Aspiring” холбоогоор 2 жил дараалан МХБХ шалгарлаа.


2018 он. Эмэгтэй хөл бөмбөгийн мэргэжилтнүүдийн сургалтыг Монголд анх удаа зохион байгуулав.


2018 он. Анх удаа талбайн болон футзалны Элит шүүгчтэй болов. Төв аймагт 3 үе шатлал бүхий стандарт талбай, 70 хүний хүчин чадалтай, шигшээ багийн бэлтгэлийн бааз байгуулав.




2018 он. Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг Зүүн Азийн АШТ-ий I шатны аварга болов.


2019 он. АХБХ /AFC/-ны ээлжит хүрлаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр /28:18/ сонгогдов.


2019 он. Шинэ Яармаг хөл бөмбөгийн спорт цогцолборыг бүтээн байгуулав.


2020 он. “COVID-19 халдварын эсрэг нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас зэргийг ЭМБ-уудад хандивлав.


2020 он. МХБХ-ноос ОУХБХ /FIFA/, АХБХ /AFC/-ны албан ёсны зэрэглэлтэй FIFA мастер 1, тоглолт зохион байгуулагч 1, тоглолтын ХМА 2 хүн, хамгаалалтын мэргэшсэн ажилтан 1 хүнтэй болоод байна.


АХБХ /AFC/-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатартай уулзаж Монголын хөл бөмбөгийн өнөөгийн хөгжил, тус холбооноос хэрэгжүүлж байгаа ажил, ойр, хэтийн зорилтын талаар ярилцлаа.  


Малайзын Куала Лумпур хотноо 2019 оны 4 дүгээр сард болсон Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны 29 дүгээр чуулганаар та тус холбооны дэд ерөнхийлөгч болсон. Энэ хариуцлагатай албанд сонгогдоход өндөр шалгуур давна биз?   


-Өнөөдөр АХБХ /AFC/-ны гишүүн 47 орон байгаа. ОУХБХ /ФИФА/-ны гишүүн улсын хувьд гэвэл дэлхийд 211 орон гишүүн байдаг. Ази тивд Монгол Улс нь Зүүн Азид оршдог орон. Манай Зүүн Азийн 10 орон дотор хөлбөмбөгийн спорт болон эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд өндөр түвшинд хүрсэн Япон, БНХАУ, БНСУ улсууд багтдаг. АХБХ-ны 2019 оны ээлжит хурлаас уламжлал ёсоор Ази тивийн 5 бүсээс 5 дэд ерөнхийлөгчийг сонгосон. Зүүн Азиас өмнө нь Япон, БНСУ зэрэг хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудаас дэд ерөнхийлөгч сонгогддог байсан бол энэ удаа яагаад Монгол Улсыг сонгов гэдэг асуудал гарч ирнэ. Ямар учраас ийм шийдвэр гаргав гэхээр АХБХ-ны ерөнхийлөгч, та нэр дэвших боломжтой юм байна гэдгийг надад хэлсэн. Тэрбээр, МХБХ-ны ерөнхийлөгчөөр та 2015 оноос ажиллахдаа бүх чиглэлд жигд үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцолж байсан юм. Үүнийг нь тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөг, өсвөр насны хөлбөмбөг, граасрүүтс /нийтийн хөлбөмбөг/, футзал гээд бүх чиглэлдээ жигд, өрөөсгөл бус үйл ажиллагаатай байж тодорхой үр дүнд хүрсэн. Мөн энэ хугацаанд мэргэжлийн боловсон хүчинтэй болох зорилгоор 10 гаруй дасгалжуулагчийг сургалтанд хамруулж АХБХ-ны зэрэглэлтэй болгож чадсан. ФИФА-гаас бэлтгэгдсэн олон улсын тэмцээн зохион байгуулагч буюу тоглолтын комиссар /матч комиссар/ гэж байдаг. Ийм цолтой Монгол Улсын иргэн Дэлхийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан. Үүний зэрэгцээ ФИФА-гийн зэрэглэлтэй 4-5 монгол шүүгч, бас Азийн элит шүүгчтэй болжээ. Олон улсын хэд хэдэн том тэмцээнийг эх орондоо амжилттай хүлээн авсан. Энэ бүх хэрэгжүүлсэн ажил таныг дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломж олгож байна гэсэн юм.



Нэг.

-Эдгээр ажлаас гадна өнгөрсөн 5 жилд МХБХ-ны нэр хүндийг өсгөсөн нэг ажил бол холбооныхоо дотоод засаглалд өөрчлөлт хийсэн. Мөн АХБХ-ны хурлыг эх орондоо зохион байгуулсан болон нийгмийн хариуцлагын хүрээнд улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд ч байгаа. Энэ талаар та юу хэлэх бол?


-Тиймээ, АХБХ-ны болон Зүүн Азийн хөлбөмбөгийн ээлжит олон улсын хурлыг Монголдоо зохион байгуулсан. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд МУЗН-тэй хамтраад нийгэмд тустай цөөнгүй ажил хэрэгжүүлсэн байна. Зөвхөн хөлбөмбөг хөгжүүлэхэд бус, зэрэгцүүлээд хөлбөмбөгтэй хамт хөгжиж болох бүх чиглэлээр жигд ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ. Бид бас МХБХ-ны дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Тухайлбал, эрх зүйн чиглэлд сахилга бат ёс зүйн хороо болон маргаан таслах хороог байгуулсан. Улмаар эрх зүйн хувьд засаглалыг удирдах нөхцлийг дүрмийн дагуу байгуулж, дан мэргэжлийн хуульч хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Тэгээд хөлбөмбөгийн хүрээнд болж байгаа сахилга бат, ёс зүйн асуудлаа энэ хороод нь шийддэг боллоо. Мөн эмэгтэй хөлбөмбөгийг дэмжих зорилгоор МХБХ-нд эмэгтэй дэд ерөнхийлөгчийн орон тоог гаргасан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс Удирдах зөвлөлдөө оруулсан. Энэ бүх ажлыг цогцоор нь жигд хэрэгжүүлж байгаа бидний бодлого, үйл ажиллагааг өнөө үеийн хөлбөмбөгийн хөгжлийн бодлого, зорилготой нийцсэн гэж дүгнээд өндөр үнэлгээ өгсөн юм билээ. Миний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албанд 8 жил ажиллаж засаглалын ойлголт, туршлагатай болсон хүн. Мөн цаг хугацаандаа ажлаа хэрэгжүүлсэн байдал, гадаад хэлний мэдлэг зэрэг бусад үзүүлэлтээр дэд ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломж байна гэж АХБХ-ны ерөнхийлөгчийн санал болгосноор нэрээ дэвшүүлсэн. Тэгээд энэ сонгуульд БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй өрсөлдөж, 28:18-аар буюу 10 саналын илүүгээр ялж энэ хүндтэй албыг хүлээж авсан.


Хоёр.



-Та энэ өндөр үүрэг хариуцлага хүлээсэн албанд томилогдоод тивийнхээ хөлбөмбөгийн хөгжил, бодлогод оролцох болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд ч чухал нөлөө үзүүлэх байх шүү?    


-Тиймээ, АХБХ-ны хөгжлийн бодлогод гар бие оролцон ажиллаж байна. Миний үүрэг бол холбоо дотроо Зүүн Азийн төлөөлөл болж дуу хоолой болох ёстой. Зөвхөн Монгол гэлтгүй Зүүн Азийнхаа уралдаан тэмцээн, бодлого, хөгжлийн асуудлаар хурлуудад оролцоод, тэргүүлээд явж байна. Зүүн Азидаа хөлбөмбөгөө яаж хөгжүүлэх, Азийн хөл бөмбөгөө хэрхэн хөгжүүлэх үйлсэд монгол хүний дуу хоолой, санал санаачилга орж байгаа гэж болно. Энэ бүх оролцоо нь алсуураа Монголын хөлбөмбөгийн хөгжилд ч хэрэгтэй юм. Бид Монголын төлөөлөл болсон матч комиссар /С.Жаргал/ хүнтэй болсон. Мөн АХБХ-ны хороодод манай хүмүүс орж ажиллах боломж нь нэмэгдэж байгаа. Азийн хөлбөмбөгийн хорооны нийгмийн хариуцлагын болон хөгжлийн бодлогын хороонд манайхаас Д.Тэрбаатар, Ч.Мөнхзул нар ажилладаг. Зүүн Азийнхаа санхүүгийн хороо болон хууль ёс зүйн хороонд монгол санхүүч, хуульч байгаа, маркетингийн хороонд МХБХ-ны маркетингийн дарга ажиллаж байна. Энэ мэтээр тив, бүсийнхээ хөлбөмбөгийн хөгжлийн төлөө монголчуудын ажиллах боломж нээгдэж байгаа.



Гурав.


-АХБХ-ны Дэд ерөнхийлөгчийн хувьд Зүүн Азийн асуудлыг хариуцахаас гадна өөр ямар үүрэг хүлээдэг бол?


-Дэд ерөнхийлөгч нэг хороо ахалдаг журамтай. АХБХ-ны Хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо хорооны даргаар намайг томилсон. Өнөөдөр би хурлынхаа материалтай танилцаад сууж байна. Энэ хороог яагаад ахлуулсан гэхээр холбооноос миний мэргэжил сэтгүүлч гэдгийг намтраас /CV/ мэдээд томилсон юм билээ. Азийн хөлбөмбөгийн холбоог сурталчилж ажиллахад манай хороо гол үүрэгтэй ажиллах юм. Сүүлийн үед сошиал медиа-олон нийтийн сүлжээнд тэмцээн л биш бол урт мэдээг хүмүүс үзэхгүй болсон. Харин 35-45 секундэд багтаасан богино клип, мэдээ мэдээлэл хийж нэвтрүүлэх нь илүү их хандалттай байгаа. Тиймээс, ийм шийдвэр гаргаж бүх үндэсний холбоодод түгээж танилцуулж байна. Олон богино, цомхон мэдээ гаргавал хүмүүст илүү ойлгомжтой, хялбар, хүртээмжтэй байдаг нь тодорхой болсон. Манайх ч бас ийм богино хэмжээтэй цомхон олон мэдээлэл гаргах хэрэгтэй байна.


Дөрөв.



-Та АХБХ-ны дэд ерөнхийлөгч хүний хувьд ОУХБХ /ФИФА/ болон Европ, Америк гээд бусад тивийн холбоодтой харилцах боломж илүү нээгдсэн байх. Энэ нь дотоодын хөлбөмбөгийн хөгжилд ч нөлөөлнө. Тухайлбал, Унгарын Пушкаш академид 2016 оноос эхлээд Монголоос цөөнгүй хүүхэд Европод мэргэшээд байгаа. Цаашдаа ч энэ мэт харилцаагаа тэлэх олон боломж байгаа, энэ талаар та юу хэлэх бол?


-Эргэн дурсах ёстой нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Унгарын Ерөнхий сайд Монголд айлчилсан. Тэгээд дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт айлчлах үеэрээ албан ёсны гэрээ контракт байгуулснаас гадна хоёр улсын Ерөнхийлөгчид, хувь хүнийхээ санаачилгаар 2 асуудалд дэмжлэг үзүүлье гэж ярьсан юм. Үүний нэг нь хөлбөмбөг, нөгөө нь усны асуудлаар байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хөлбөмбөгт их дуртай. Пушкаш гэж Унгарын алдартай тамирчнаа шүтдэг бөгөөд өөрийнхөө төрсөн тосгондоо Пушкаш академийг байгуулсан хүн. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, тус академидаа монголоос хүүхэд аваачээ гээд, намайг энэ хүн миний зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гэж хэлж байсан юм. Тэгээд би уг асуудлаар хөөцөлдөж, эхлээд 4 хүүхэд, дараа нь хоёр хоёроор нь явуулсаар 10 хүүхдийг Пушкаш академид суралцуулсан. Тэд унгар, англи хэлээр хөл бөмбөг заалгаж, европын хөл бөмбөгөөр чамгүй мэргэшээд эх орондоо ирсэн.




Тэд бүгд шигшээ багт үндэснийхээ лигт орж тоглож байгаа. Харин Сэлэнгэ аймгийн Г.Ганбаяр гэж хүү Унгарын 2 дугаар лигт үлдэж, улмаар үндэсний дээд лигт нь тоглож байна. Монгол хүүхэд 4 жилийн дараа Европ тивд, Унгарын үндэсний дээд лигт тоглож байна гэхээр монголчуудад ур чадвараа ахиулах боломжтой гэдгийг нотолж байгаа хэрэг. Энэ бахархалтай жишээ манай хүүхэд багачуудад их урам зориг өгсөн. Түүний араас олон хүүхэд Пушкашийг зорино гэсэн хүсэл тэмүүлэлтэй болоод байгаа. Бид бусад улс орны болон олон улсын холбоодтой харилцаа холбоог улам өргөжүүлэн тэлсээр байна. Тухайлбал, УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо /ЕХБХ/-той хамтран ажиллаж, тэндээс санхүүжилтийн дэмжлэг авч байгаа. ЕХБХ болон Англи улсын хөлбөмбөгийн холбооноос МХБХ-г дэмжиж хөдөө орон нутагт хөлбөмбөгийн дарцаг, хаалга, хувцас хэрэглэл зэргийг илгээн хандивлаж байна. Мөн орон нутагт сургалт зохион байгуулах болон тэнд ажиллах багш, мэргэжилтнүүдийн томилолтын зардлыг ч дааж байгаа юм.



Тав.



-ФИФА-гийн ерөнхийлөгч манайд битүү дээвэртэй хөлбөмбөгийн стадион барихад дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ талаар ярина уу?




-ОУХБХ /ФИФА/-ны ерөнхийлөгч Жанни Инфантино 2019 онд Монголд ирж Яармагт барьсан 115 м х 85 м хэмжээтэй, А зэрэглэлийн тэмцээний хөлбөмбөгийн талбайн нээлтийн ёслолд оролцсон. Энэ талбайн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байлаа. Тэр үеэр ерөнхийлөгч Жанни Инфантино МХБХ-г дэлхийн томоохон холбоодтой холбож өгнө гэж хэлсэн юм. Тэгээд л биднийг Английн хөлбөмбөгийн холбоотой харилцдаг, дэмжлэг авдаг болгосон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцаад битүү дээвэртэй стадион барихад хамтарч ажиллах асуудлыг хөндсөн юм. Монгол оронд өвлийн улирал 6 сар үргэлжилдэг болохоор тамирчид хөл бөмбөгөөс хөндийрдөг. Тэгэхээр бүтэн жилийн турш тасралтгүй хөл бөмбөг тоглодог хүмүүстэй биднийг харьцуулбал, бэлтгэлийн форм, дэглэм нь байнга алдагдаж тамирчдын амжилтад шууд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдээж юм.




Ташрамд сонирхуулахад, ФИФА-гийн ерөнхийлөгчтэй, би нэг өдөр /3 дугаар сарын 23/ төрсөн байдаг юм. Тэгээд бид хоёр, төрсөн өдрөөрөө харилцан мэндчилгээ дэвшүүлж юм бичнээ. Энэ мэтээр хувь хүний харилцаа ч бидний дунд бий болсон. Манай хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчийг Катарт болох ДАШТ-ийг үзэх эрх өгч урьсан. Ж.Инфантина ерөнхийлөгч, Монголд ирэхдээ гэнэтийн бэлэгтэй ирнэ гээд ФИФА-гийн фонд хариуцан ажилладаг 1998 оны дэлхийн аварга франц /монгол үндэстэн халимаг хүн/-тай хамт ирж байлаа. Бид одоо тэр хүнтэй байнга харилцаатай байдаг. Энэ хүн монгол руу хандив болгож хүүхдүүдэд хөлбөмбөгийн хувцас хэрэглэл илгээдэг юм.


Монголд АХБХ-ноос албан ёсоор тусалдаг хөтөлбөрөөсөө гадна нийслэлийн 79 дүгээр сургуульд хөлбөмбөгийн талбай барьж өглөө. АХБХ-ны ерөнхийлөгч, манай холбоог нэг дор арван хэдэн дасгалжуулагчийг сургалтанд хамруулж байгааг их дэмжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд АХБХ-ноос том тус хүргэдэг Техникийн захирал хүн бий, өсвөрийн хөлбөмбөгийн ном гаргаж байгаа бас нэг хүн байна.




Манай холбоонд ажиллаж байгаа Тунис, Словак 2 мэргэжилтний жилийн цалин 50, 50 нийтдээ 100 мянган долларыг АХБХ-ноос гаргаж байгаа. Бидний хувьд ийм их мөнгөөр мэргэжилтэн авах боломжгүй л дээ. Энэ мэтээр МХБХ-нд олон давуу тал бий болж Монголын хөлбөмбөг гэрэлтэй гэгээн зам дээр байна. Монголдоо Герман, Румын Тунис, Словак гээд хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийг урьж авчирсан нь бас л шинэлэг өөрчлөлт болж байна. Илүү хурдтай хөгжих боломж ирээдүй үеийнхэнд маань харагдаад л байгаа.




Зургаа.-Монголын баг тамирчдын ур чадвар энэ бүх хүчин зүйлээс хамаарч ахиж, өсөж байгаа. Ойрын ирээдүйг та яаж харж байна вэ?

-Манай баг Японы шигшээтэй тоглоход монголчуудын ур чадвар өсөөд байгааг мэдэрсэн. Японтой тоглоод 6:0-ээр хожигдоод ирсэн, энд ирээд тоглоход нь гоол оруулна гэсэн зорилго тавьсан байгаа. Япон бол Азидаа хоёрт эрэмбэлэгддэг хүчтэй баг. Манайх эрэмбээрээ тэднээс бүр 100 давсан байрын ард эрэмбэлэгддэг байж, чамгүй сайн тоглосон. Африкийн багийг нутагтаа урьж /2:0/ тоглоод авсан. Эндээс хэнтэй ч тоглож болох юм гэдгээ харлаа, мэдлээ. Бид бүхний хөгжлийн бодлого, хэрэгжүүлж байгаа ажлууд зөв явж байна.




МХБХ, Япон дасгалжуулагчаар дагнаж эмэгтэй хөлбөмбөгийн тамирчдаа дасгалжуулж байгаа. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн Лигийн шагналын сан, дотоодын спорт дотроо хамгийн өндөр буюу 200 сая төгрөг. Лигт тоглосон баг бүр шагнал хүртдэг гэдгээрээ онцлогтой. Манай хөлбөмбөгт шинэ үеийнхэн гарч ирлээ. Өсвөр үе, залуучууд маань асар их чадварлаг болж цахиур хагалах хүүхэд олноор төрж байна. Бид ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглодог боллоо. Мөнгө санхүүгийн асуудлаар чирэгдээд байхааргүй болсон. ФИФА-гаас ДАШТ-д оролцдог орны тоог 2026 оноос хойш нэмэгдүүлж 48 болгож байгаа. Тэгэхээр Ази тивээс оролцох орны тоо, квот нэмэгдэнэ. Бидний хувьд, эмэгтэй хөлбөмбөг эрчүүдээсээ илүү амжилт гаргаж эхэлсэн. Монголын хөлбөмбөгт хөгжих, дэвжих өргөн боломж байна. Манай футзалны хөлбөмбөг Зүүн Азид нэгээр, Ази тивдээ 5-аар бичигдэж байна. Мэргэжлийн сайн дасгалжуулагч, шүүгч байж бид илүү сайн хөгжинө. ФИФА-гийн 4 болон Азийн элит 1 шүүгчтэй боллоо. Азийн А зэрэглэлтэй дасгалжуулагч манайд байхгүй байсан бол саяхан 16 хүнийг сурган, төгсгөж авсан. Одоо бүр мэргэжлийн про-дасгалжуулагчтай болох зорилт бий. Азидаа бидний нэр хүнд өсч байна.


Долоо.





Биднии тавьж байгаа нэг том зорилт бол 2028 он гэхэд Азийн шилдэг 10 холбооны нэг болох зорилготой. Бид өнөөдөр Азидаа дөчин хэдэд явж байна. Манай холбоо БНХАУ-ын Хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг. Тэдний тусламжтай МУБИС-д хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээж, багш, оюутны сургалтын зардлыг Хятадын Хөл бөмбөгийн холбооноос дааж байгаа. Бас манай үндэсний шигшээ багийг өвлийн улиралд нутагтаа бэлтгэл хийлгэж байна.

 


Холбоотой мэдээ