Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-18 07:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-аас Монгол Улсын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлэх дугуй ширээний уулзалтыг энэ сарын 17-нд цахимаар эхэллээ.


АИХЭА нь 2018 онд ЕАБХАБ-ын гишүүн улсууд дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд тус албаны төлөөлөгч Монгол Улсын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, ололт амжилт, сорилт бэрхшээлийг тогтоох, Засгийн газарт санал зөвлөмж өгөх, хамтран ажиллах боломжийг тодоррхойлох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 24-28-нд Улаанбаатар хотын ажилтай танилсан. Улмаар 2019 оны 11 дүгээр сард дүгнэлт, санал зөвлөмж бүхий тайлангаа гаргасан юм.


Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтыг Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Д.Цогтбаатар, АИХЭА-ны 1 дүгээр орлогч захирал, Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Катаржина Гардапхадзе нар нээж үг хэлэв. Илтгэгчид хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжихэд хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой, хувь нэмэр чухал үүрэгтэйг тэмдэглэж, тэдний үйл ажиллагааг дэмжих хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцлов.


Цахим дугуй ширээний уулзалтад УИХ, ГХЯ, ХЗДХЯ, БОАЖЯ, ХНХЯ, УУХҮЯ, ЖҮХ, АТГ, УЕПГ, ЦЕГ, ХЭҮК, иргэний нийгмийн болон Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцож байна. Уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаанд НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч хатагтай Мэри Лаулор (Mary Lawlor) зочин илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцах юм.


Оролцогчид уулзалтын эхний өдөр АИХЭА-наас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар нээлттэй хэлэлцэж, цаашид анхаарах асуудал болон хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.


Сонирхуулахад, ЕАБХАБ-ын АИХЭА нь хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гишүүн улсуудын хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг. АИХЭА-аас гишүүн улсуудын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлгээ хийх зорилгоор 2018 онд гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авч, дэмжсэн ба Монгол Улс нь үнэлгээ хийсэн эхний таван улсын нэг юм. АИХЭА-аас ийм үнэлгээг Гүрж, Итали, Монтенегро, Чех Улсад хийгээд байна. АИХЭА нь үнэлгээний эхний мөчлөгт хамрагдсан улсуудын талаар нэгдсэн тайлан бэлтгэж энэ ондоо багтаан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ