Өвөлжилтийн бэлтгэлийн талаар цахим хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 16:35:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон яамны холбогдох  газар, хэлтсийн дарга нар өнөөдөр аймгуудын Хүнс, хөдөө аж аж ахуйн газрын удирдлагатай цахим хурал хийлээ.


Цахим хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд аймаг, орон нутагт хийж байгаа ажил, махны хангамж, хот хоорондын хүнс тээврийн зохицуулалт, отор нүүдэлтэй холбоотой асуудлыг ярилцсан юм.


Орон нутагт хүнсний хангамжийн тухайд ямар нэгэн хүндрэл үүсээгүйг энэ үеэр дурдав.

Зуншлагын байдал, дараалсан цас, хүйтны эрч чангарсны улмаас зарим аймагт тухайлан анхаарал хандуулах шаардлага үүсжээ.


Аймаг, сумдын холбогдох албаныхан, малчид өвөлжилтийн бэлтгэл хангахад дор бүртээ хариуцлагатай хандах, коронавирус цар тахлын эгзэгтэй үед халдваргүйжилтийн дүрэм журам сахихад анхаарах, отроор өвөлжиж байгаа зэргэлдээ аймаг, сумдын малчдын тооцоо судалгаа, уялдаа холбоог зохицуулахыг яамны удирдлагууд үүрэг болголоо.  


Мөн ХХААХҮЯ саяхан НҮБ-ын ХХААБ-тай хамтран өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээл бэлтгэх зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр болсныг энэ үеэр мэдэгдэв.

 

Холбоотой мэдээ