О.Пүрэвдорж: Асуудлыг бид олж харсан, одоо зөв хэрэгжүүлэх, сайн үр дүн гаргах нь чухал

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-04 19:14:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг сая цахим хэлбэрээр зохион байгууллаа. Анх удаа цахим сүлжээ ашиглан хуралдсан. Бэрхшээл гарав уу? Төлөөлөгчид байгаа газраасаа идэвхтэй оролцох боломж нөхцөл хэр бүрдсэн бэ?

-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлыг Монгол дотооддоо алдаж, өвчлөл нэлээн бүртгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч, нийтийг хамруулсан хурал цуглааныг хориглосны дагуу аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд 36 төлөөлөгч оролцсоноос 11 нь танхимд хоорондоо хоёр метрийн зайтай, халдвар хамгааллын дэглэмээ барин оролцож, бусад нь цахимаар хуралдсан.

Төлөөлөгчид асуулт асуух, саналаа хэлэх, сонгогдсон сум орныхоо тулгамдсан асуудлыг бодлогын баримт бичигт тусгуулахад цахим сүлжээний ямар ч бэрхшээл гараагүй. Гэрээсээ, албан өрөөнөөсөө хуралд оролцож байгаа болохоор илүү боломжтой, ая тухтай, нээлттэй, хүртээмжтэй, үр дүнтэй хурал болсон гэж үзэж байна.

-Хуралдаанаар нэлээн хэдэн бодлогын баримт бичгийг баталсан. Төлөөлөгчид иргэдээ төлөөлж санал хүсэлтээ хэр тусгаж чадсан бэ?

-Ээлжит III хуралдаанаар Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө гээд үндсэндээ бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах бодлогын баримт бичгүүдээ баталлаа. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, хэлтэс агентлагаас богино хугацаанд орон нутгийнхаа хөгжил, ард түмнийхээ амьдралыг анхаарсан төсөл, төлөвлөгөөг боловсруулж, Хуралд өргөн барьсан.

Манай Төлөөлөгчид хэлэлцэх материалыг урьдчилан авч, нэг бүрчлэн уншиж судалж, тойрог дахь тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд маш идэвх санаачилгатай оролцсон. Бодлого боловсруулах явцад манай 27 төлөөлөгч 600 гаруй саналыг аймгийн Засаг даргад өгсөн байна. Мөн хуралдааны үеэр Төлөөлөгч бүр асуулт асуун, саналаа хэлж, тулгамдсан олон асуудлыг хөндөж хэллээ. Төлөөлөгч бүрийн цаана ард иргэд байгаа гэж ойлгох хэрэгтэй. Төлөөлөгчдийн санал бол иргэдийн санал юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал анх удаа шөнийн 3, 4 цаг хүртэл хуралдаж, бодлогын баримт бичгүүдээ баталлаа. Аймгийн Засаг дарга, ажлын хэсэг, удирдлагуудаас хэрэгжих бүхий л нөөц боломждоо тулгуурлан саналуудыг хүлээн авч, баримт бичгүүддээ тусгасан.


-Төлөөлөгчдийн зүгээс айл өрх, хувь хүн рүү бодлогоо чиглүүлье гэсэн саналыг нэгдсэн байр суурьтай хэлж байсан. Тэгэхээр баримт бичгүүдэд хувь хүний хөгжлийн асуудал илүү тусгагдсан гэж ойлгож болох уу?

-Бодлогын баримт бичиг бүр дотроо таван бүлэгтэй байгаа. Хүний хөгжил, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Аялал жуулчлал гээд. Энэ бүх асуудалд хүний хөгжлийн тухай яригдсан. Хүний хөгжил гэж юуг хэлээд байна вэ гэхээр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүн өөрийгөө хөгжүүлэхэд төр засгаас бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хэлээд байгаа юм.

Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагаас аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн тулд маш их хөрөнгө оруулалтыг хийж, завгүй хөдөлмөрлөн, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан. Олон бүтээн байгуулалт өрнөж, зам харгүй тавьж, гэрэл гэгээ нэмж, өнгө төрх сайжирсан. Одоо айл өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гээд хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлээч гэсэн санал хүсэлтийг манай иргэд ч байнга тавьж байсан. Иргэдийнхээ энэ санал хүсэлтийг МАН-аас Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон дэвшүүлж, одоо аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж батлаад байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай ИТХ-ын Ажлын хороод,Тэргүүлэгчдийн зүгээс гүйцэтгэх засаглалтайгаа хамтарч ажиллана, хяналт шалгалтаа хийнэ. Зөвд зөөлөн, бурууд хатуу байх бодлого барьж ажиллана.

-Орон нутгийн сонгуулиар аймаг, сумын Төлөөлөгчдийн ихэнх нь шинэчлэгдсэн. Тэгэхээр цаашид төлөөлөгчдийг чадавхжуулах, мэдлэг, мэдээллээр хангах ажил хийх үү?

-Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар аймгуудын ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, төлөөлөгчдийг чадавхжуулах талаар үүрэг чиглэл өгсөн. Миний зүгээс сумдын ИТХ-ын дарга нартайгаа мөн цахим хурал хийсэн. 2021 онд аймаг, сумдын төлөөлөгчдөө чадавхжуулах, зөвлөн туслах, туршлага хуваалцах тал дээр анхаарч ажиллана. Төлөөлөгчдийн 50 гаруй хувь нь шинээр сонгогдсон ч хууль тогтоомжоо судалсан, аймаг, орон нутгаа мэддэг, ард түмнээ төлөөлөх бүрэн чадамжтай хүмүүс гэдгийг саяны ээлжит 3 дугаар хуралдаанаас харж суулаа. Гэхдээ сургах, дадлагажуулах ажлыг хийнэ гэж Ажлын албанаас 2021 оны төлөвлөгөөндөө оруулсан.

-Шинэ ажил, албыг хүлээж авч байгаа хүн бүр л шинэ зорилго, төлөвлөгөөтэй ирдэг шүү дээ. Таны хувьд...?

-Төлөөлөгч хүн бүр ганцхан эрхэм зорилготой ажиллах ёстой гэж боддог. Миний хувьд Арвайхээр сумын Засаг даргаар ажиллаж байгаад 13 дугаар багаас ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон. Хурлын дарга бол бусад төлөөлөгчидтэйгээ адилхан л эрх, үүрэгтэй хүн. ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны үед дэгийн дагуу даргалж явуулах үүрэгтэй, бусад үед төлөөлөгчидтэйгээ адилхан л ард иргэдээ төлөөлж ажиллах ёстой.

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага, Гүйцэгтэх засаглал аль нь ч орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг сайжруулах л эрхэм зорилго дор хамтран ажилладаг. Тийм болохоор ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж, иргэдэд сонгуулийн үед амалж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, аймгийнхаа хөгжил дэвшлийн  төлөө мэдлэг боловсрол, цаг хугацаа, чадах бүхнээ дайчилж, төлөөлөгчидтэйгээ, гүйцэтгэх засаглалтайгаа хамтран ажиллана.

Мөн нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг иргэдээсээ асууж, шаардлагатай тохиолдолд хэлэлцүүлэг, уулзалтын арга хэмжээг төлөвлөж, тэндээсээ гарц гаргалгааг олох байдлаар ажиллана гэж бодож байгаа.

-Сумдын ИТХ-ын дарга нар бүгд ажилдаа орсон уу?

-Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийгээд дарга нараа сонгосон. Бүгд ажилдаа орсон байгаа. Сум, орон нутгийнхаа төлөө ажиллая гэсэн эрч хүчтэй, сайхан залуучууд сонгогдсон байна лээ.

-Багийн даргын сонгууль хэзээ болох вэ?

-Хуулиараа энэ онд багтаж болох ёстой. Иргэд нь цуглаж, багийн дарга сонгодог. Гэвч хөл хорио, дэглэмтэй холбоотойгоор тодорхойгүй байгаа. Улс, аймгийн Онцгой комиссоос ямар шийдвэр ирэхийг бид хүлээж байна. Болж өгвөл ондоо багтаагаад багийн ИНХ-аа хийгээд явбал зүгээр байгаа юм.



-Аймгийн ИТХ-аас жил бүрийг зорилтот болгон зарладаг. 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан байна. Хийх ажлын төлөвлөгөө гараагүй байгаа ч хурлаар урьдчилаад ярьж хэлэлцсэн асуудал байгаа байх. Та мэдээлэл өгөх үү?

-Аймгийн үе үеийн Хурлаас ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг судалж, иргэдийн саналыг нь авч Зорилтот жилийг зарладаг. Улс, орон нутгийн төсөв хөрөнгийг Зорилтот жилтэй уялдуулан төсөвлөж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Энэ бол Өвөрхангай аймгийн улсад жишиг болгосон, үр дүнтэй ажил юм.

Энэ жил аймгийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгоё гэсэн саналыг аймгийн ИТХ-д оруулж, төлөөлөгчид хэлэлцэн баталсан. Энэ бол цагаа олсон, маш зөв зүйтэй санал гэдгийг би төлөөлөгчийн хувиар дэмжиж байгаа. Өнгөрсөн зун бороо хур багатай, газрын гарц муу, намаржаа тааруу байсан. Одоогоор 2 мянга гаруй малчин өрх 15 аймагт отор нүүдэл хийгээд, хөөгдөж туугдаж, янз бүрийн дарамт шахалт дор яваа. Хэдэн малаа онд оруулах гэж хүний нутагт их зовлонтой л явж байна. Нутагтаа үлдсэн нь мал идэх юмгүй, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, өвс тэжээл үнэтэй, олдоц муутай гээд хүндхэн нөхцөлд байгаа. Өвөрхангай аймгийн нийт айл өрхийн 48,9 хувь нь малчин өрх. Аймаг, сумын төв дэх мал бүхий айл өрхүүдээ оруулбал нийт өрхийн 70-аад хувь нь мал аж ахуйн салбартай холбоотой амьдарч байна.

Тэгэхээр зөв салбарт зорилтот жилийг зарлалаа гэж бодож байна. Менежмент, төлөвлөгөө, хөрөнгө санхүүгээ зөв төлөвлөж чадвал үр дүн нь гарна. Малаа чанаржуулж, малын гаралтай түүхий эд, мах, сүүг эдийн засгийн эргэлтэд оруулдаг, өвс тэжээлээ зүүн аймгаас худалдаж аваад байхааргүй өөрсдөө тарьчихдаг байх гээд олон зүйлийг төлөвлөж байна. Аймгийн ХХААГ-т 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Иргэдийнхээ өмнө нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлыг бид олж харсан, одоо зөв хэрэгжүүлэх, сайн үр дүн гаргах нь чухал байгаа. Аймгийн ИТХ-аас батлаад өглөө, одоо болоо гээд орхихгүй, бүх шатанд хамтарч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ