Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-05 11:35:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд болсон ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. 


Эдгээр бодлогын баримт бичгүүдэд орон нутгийн онцлог, эрүүл мэнд, боловсрол, соёл, ард иргэдэд тулгамдсан асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал,

- Алтайн бахархал: Алтайн бахархал үнэт зүйлсийг сэргээж, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэн, хэл соёл, өв уламжлалаа дээдэлсэн эрдэм мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх;

- Эрүүл иргэн: Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хорт хавдрын өвчлөлийг бууруулж хүн амын дундаж наслалтыг 72 болгох;

“Элэг бүтэн Алтай”, “Эрүүл хүүхэд-эрүүл шүд”, “Хүүхдэд ээлтэй Алтай”, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх;

- Газар тариалан-ажлын байр: “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийг хэрэгжүүлж тариалангийн талбайн хэмжээг 1000 га-р нэмэгдүүлж, ЖДҮ-ийг бий болгоно. 1000-аас доошгүй ажлын байрыг бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшинг 13%-иар бууруулна; 

- Боловсролын чанар: Аймгийн боловсролын чанар хүртээмжийг Монгол Улсын 21 аймгийн эхний 5 байрт оруулах. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 91%-д, ерөнхий боловсролын хамран сургалтыг 98%-д хүргэх;

- Сумын төвийн шинэчлэл: “Сумын төвийн шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлж, сумдыг дэд бүтцэд холбон, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх;

- Хөдөөгийн хөгжил: Төрөөс малчдын талаарх баримтлах бодлого, Монгол мал - шинэ хөдөө гэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх;

- Аялал жуулчлал: Зорилтот аялал жуулчлалыг хөгжүүлж, малчин өрх бүрд дотоод гадаадын жуулчин авах бололцоог бүрдүүлэх;

- Орон сууц: Солонго хорооллын инженерийн дэд бүтцийн угсралтын ажлыг ашиглалтад оруулж 600-аас багагүй иргэд, төрийн албан хаагчийг орон сууцаар хангах;

- Төрийн үйлчилгээ: Төсвийн зохистой удирдлага хэрэгжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх, авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгасан удирдлагын тогтолцоо бүхий төрийн албыг бий болгох;

- Төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг арга хэмжээнүүдийг заасан хугацаанд хэрэгжүүлэх ажээ.


Холбоотой мэдээ