Б.Жонсон: Вакцинжуулалтыг эхлүүлж буй нь томоохон алхам юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-08 10:10:36

МОСКВА. /TASS/. Коронавирусний вакцинжуулалтыг бид мягмар гаргаас эхлүүлж байгаа нь маш том алхам юм. Гэсэн ч энэ бүхэн урт хугацаанд үргэлжлэх үйл явц учир санаа амрах болоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


“Орон даяар иргэдийг вакцинжуулж эхэлснээр коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд хийж буй томоохон алхам болно. Вакцин гарган авсан эрдэмтэд, туршилтад оролцсон иргэд, вакцинжуулалтыг эхлүүлэхээр уйгагүй ажилласан Үндэсний эрүүл мэндийн албаар би маш их бахархаж байна” хэмээн Б.Жонсон хэлэв.


“Иргэдийг вакцинжуулалтад олноор нь хамруулахад хугацаа шаардана. Вакцинжуулалтын хөтөлбөр ирэх саруудаас эрчээ авах тул коронавирустэй тэмцэхэд чиглэсэн өвлийн төлөвлөгөөг дагаж, оршин суугаа газрынхаа дүрэм журмаас гадна гараа угаах, амны хаалтаа зүүх, зай барих зэрэг үндсэн дүрмүүдээ дагаж мөрдөхөө мартахгүй байх нь урьд урьдынхаас илүү чухал юм” хэмээн Б.Жонсон вакцинжуулалтын кампанит ажлыг эхлүүлэхийн өмнө мэдэгдсэн байна.


Эхний ээлжинд 800 мянган тун вакцин

Их Британийн эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтын газар Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакциныг анх удаа ашиглахыг зөвшөөрсөн билээ. Үүний дараа барууны орнуудаас анх удаа Их Британийн эмнэлгүүдэд коронавирусний вакцинжуулалтыг эхлүүлэхээр болсон. Эхний ээлжийн 400 мянган хүнд хийхээр төлөвлөөд буй 800 мянган тун вакциныг Бельгиэс Их Британийн 50 эмнэлгийн байгууллага руу хүргэжээ.


Эрх баригчид оны эцэс гэхэд 2.5 сая хүнийг вакцинжуулахад хүрэлцэхүйц 5 сая тунг авах аж. Дээрх вакцинаас Их Британи 2020-2021 онуудад нийт 40 сая тунг нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулжээ. Туршилтын гурав дахь үе шат нь амжилттай болсон тус вакцин 90 хувийн үр дүн үзүүлсэн юм. Их Британи вакцин үйлдвэрлэгч компаниудтай нийт 350 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан байна. 

Холбоотой мэдээ