Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд Монголын Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх хязгаарагдмал байгаа эсэх талаар тодруулав. Гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийсэн тайлбартаа, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, үндсэн чиглэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал ирэх дөрвөн жилийн хугацаанд УИХ-аас үүрэг, даалгавар авч, түүнийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх тухай Засгийн газрын төлөвлөгөө юм. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүний хувьд хууль, тогтоомжийг санаачлах бүрэн эрх хязгаарлагдахгүй гэв. Энэ нь Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг бататган өгч байгаа тогтоолын төсөл болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэмж тодотгов.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүнд болон хөнгөн үйлдвэрийн тухай, Бэлчээрийн тухай, Тариалангийн тухай гэсэн гурван хууль нэмж оруулах тухай зарчмын зөрүүтэй санал гаргав.
Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, Хүнд үйлдвэрлэл болон хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг 2021 онд, Тариалангийн тухай хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн Бэлчээрийн тухай хуулийг 2021 онд оруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.