Монголбанк үнэт металлын сорьц тогтоодог болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл"-д Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тус тус заажээ. Энэ дагуу Эрдэнэсийн сангийн эрх зүйн зохицуулалтыг практик шаардлага болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлттэй нийцүүлэх, эрдэнэсийн тодорхойлолтыг Монгол Улсын онцлог, дэлхий нийтийн жишигт тохируулан шинэчлэх, үүнтэй холбоотойгоор Эрдэнэсийн сангийн шилжилт хөдөлгөөний зарцуулалт, Монголбанкнаас эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Эрдзнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Эрдэнэсийн санд холбогдох харилцааг Эрдэнэсийн сангийн тухай хууль, Монголбанкны журмаар зохицуулдаг. Эрдэнэсийн сангийн тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өөрчлөлтөөр нэр томъёоны тодорхойлолт нэмж, гүйлгээний сангийн зориулалт, Улсын Их Хурлын бүрэн эрх, гадаад валютын улсын нөөц, Эрдэнэсийн сангийн бүртгэлтэй холбоотой өөрчлөлт оруулснаас өөр зарчмын томоохон шинэчлэл хийгдээгүй аж.
Хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 18 зүйлтэй бөгөөд эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос зэрэгцээ гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Соёлын өвийн төв, сэтгүүлчид, олон нийттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь тусгахад анхаарч ажилласан гэдгээ төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нэмэгдэх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа өргөжиж боловсронгуй болох, иргэд, хуулийн этгээд худалдах үнэт металлын олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж төсөлд санаачлагчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Н.Алтанхуяг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд, байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэг хүлээх, хувь хүн, хуулийн этгээд, байгууллага нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнийг хэлэлцэн тохирох, нэхэмжлэн авах эрхтэй байхаар тусгасан. Олон улсын туршлагаар алтны сорьц тогтоох үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага гүйцэтгэхээс гадна төв банк, тусгай зөвшөөрөлтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий бусад хуулийн этгээд эрхэлдэг. Тиймээс хуулийн төслийг дагалдаж өөрчлөлт орох Ашигт малтмалын тухай хуульд Монголбанкинд тушаах үнэт металлын сорьцыг сорьц тогтоох төрийн захиргааны байгууллагаас гадна тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк тогтоож болох зохицуулалтыг тусгасан талаар төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа тодотгов. Гишүүдийн зарим асуултад нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын багийн гишүүд нэмэлт хариулт, тайлбар өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.