Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1541 хүнийг ажиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-26 11:40:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлалтыг хоёр чиглэлээр зохион байгуулж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Улаанбаатар хотод 13 тусгаарлан ажиглах байранд 983 хүнийг тусгаарлаж байна. Захиалгат нислэгээр ирсэн 558 хүн 10 тусгаарлах байранд байгаа юм. Нийт 1541 хүнийг Улаанбаатар хотод тусгаарлан ажиглаж байгааг тэрбээр дурдлаа.

Орон нутагт 14 тусгаарлах байранд нийт 112 хүн байна. Одоогоор тусгаарлан ажиглах байранд онцгой байдлын байгууллагын 57, цагдаагийн байгууллагын 94, эрүүл мэндийн байгууллагын 72, нийт  223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-д илэрсэн тохиолдлын ойрын хавтлын 81 хүнийг “Кентавр” зочид буудал руу шилжүүлсэн байна.

Өнөөдөр тусгаарлан ажиглах байрнаас 558 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг тэрбээр энэ үеэр сануулсан юм.

ХӨСҮТ-өөс эдгэрсэн 127 иргэнийг Хан-Уул дүүрэг дэх Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлжээ. Яармагийн эмнэлгээс 343 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Ингэхдээ шууд гэрт хүргэх байдлаар зохион байгуулах ажлыг хийж буйг  тэрбээр тэмдэглэсэн юм.

Өдөрт дунджаар 5100 алба хаагч үндэсний хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ