Ирвэс хамгийн их очдог газарт камер байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-02 18:24:51

Өнгөрсөн оны сүүлчээр Увс аймгийн Түргэн сумын нутаг дахь Цагаан шувуут уулын дархан цаазат газарт “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартай хамтран ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Тус ирвэст Оргил хэмээх нэр хайрлаж, биеийн ерөнхий хэмжилтийг хийсэн бөгөөд хүзүүвч зүүсэн мөчөөс хойш 5 цаг тутамд хаана явж байгаа байршлынх нь мэдээллийг интернэтээр тогтмол авч байгаа аж.

Оргилд хүзүүвч зүүсэн багийн зарим гишүүд өнгөрсөн сарын 17-29-ны хооронд Цагаан шувуут уулын дархан цаазат газарт ажиллаж хамгийн олон удаа байрласан цэг дээр нь автомат камер суурилуулсан байна. Оргил ирвэс нь Цагаан шувуут уулын Елын аманд 226 удаа, Елийн бэлчирт 186 удаа байрлажээ. Эдгээр цэгүүдэд автомат камер байршуулснаас гадна ирвэс ямар шинж тэмдэг үлдээдэг талаар судалгааны багийнхан шинжилж байна.

Судалгааны багийн бүрэлдэхүүнд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн, байгаль хамгаалагч Б.Цэрэнжав, ШУ-ны академийн доктор, ирвэс судлаач Д.Мөнхцог нар явжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ