Өнгөрсөн сард 716 иргэн ажилд зуучлагдан оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-09 16:33:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 30 мянга болжээ. Үүнээс:

  • 18.1 (60.4 хувь)  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд,
  • 11.9 (39.6 хувь нь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7 хувь нь)  мянга нь эмэгтэйчүүд байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж ААН-үүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо цөөрчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9 хувь нь) нь эмэгтэйчүүд байна.



Холбоотой мэдээ