Цахилгааны төлбөрийн мэдээллийг хэрэглэгчдэд дуут шуудангаар илгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-12 10:18:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК өнгөрсөн оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн тооцоог гарган өнөөдөр /2020.01.11/ хэрэглэгчдэд дуут шуудангаар мэдэгдэж эхэлжээ. 


Энэ тухай “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн борлуулалтын албанаас тодруулахад: “Манай ТӨХК нь борлуулалтын циклийнхээ бичилтийг сар бүрийн 20-оор тасалбар болгон хэрэглэгчдэдээ дуут шуудангаар мэдээлдэг. Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой мэдээллийг үүрэн холбооны тусгай дугааруудаас илгээж байгаа. Энэхүү тусгай дугаараас илгээж буй дуут шуудангийн тэмдэгтийн хэмжээ тодорхой хязгаартай тул өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээллийг нийт хэрэглэгчдэд гурван хэсэг болгон илгээж байна. Эдгээр гурван дуут шуудангийн эхнийх нь Засгийн газрын цахилгааны төлбөр хөнгөлөх тогтоол гарахаас өмнөх буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 1-ний хооронд хэрэглэсэн төлбөрийн мэдээлэл юм. Харин хоёр дахь дуут шуудан нь 2019 оны оны мөн үетэй харьцуулсан төлбөрийн дүн. Гуравдахь буюу хамгийн сүүлд шөнийн хөнгөлөлт болон Засгийн газраас хөнгөлсөн үнэтэй холбоотой дуут шуудан бөгөөд энэхүү дуут шуудангийн төгсгөлд хэрэглэгчийн төлөх ёстой зөрүү төлбөр нийт дүнгээр бичигдсэн. Иймд зөрүү төлбөрийг л хэрэглэгч төлнө гэж ойлгох хэрэгтэй” гэдгийг анхааруулсан юм. 

Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан хэрэгжилтийг хангах зорилгоор “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний хэрэглээ төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдол, саналыг хянаж барагдуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж буй ажээ. 

Тус ТӨХК нь Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд сүүлийн үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс өсөн нэмэгдэх, цаг агаарын хүйтрэлээс хамаарч цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугам гэмтэх асуудлууд гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор 70483423, 95483423 дугаарт хэрэглэгчийн санал хүсэлт гомдлыг хүлээн авч, хянаж барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.


Холбоотой мэдээ