Криптовалют өсөх үеэр хөрөнгө нь нэмэгдсэн бизнес эрхлэгчдийг жагсаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-13 14:50:59

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Криптовалютын ханш дээд үзүүлэлтэд хүрэх үед хөрөнгө нь хамгийн их нэмэгдсэн бизнес эрхлэгчдийн жагсаалтыг “Gemini” криптовалютын биржийг үүсгэн байгуулагч ихэр ах дүүс Кэмерон, Тайлер Уинклвосс нар тэргүүллээ.  


Тэдний криптовалютын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор тус бүр үнэлэгджээ.


“Bloq” гарааны компанийг үүсгэн байгуулагч Мэттью Росзак 1.2 тэрбум ам.долларын криптовалютын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. Харин Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Тим Дрейпер гуравдугаарт бичигдсэн байна. Түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


Цаашлаад “MicroStrategy” компанийн санхүүгийн захирал Майкл Сэйлорын криптовалютын хөрөнгө 600 сая ам.доллароор үнэлэгдэж, дөрөвдүгээрт бичигдсэн бол “Galaxy Investment Partners” компанийг үүсгэн байгуулагч Майк Новограц 478 сая ам.долларын хөрөнгөтэйгээр тавдугаарт бичигдэв.


Одоогоор бүх криптовалют нийлээд 920 тэрбум ам.долларын үнэд хүрч байгаа бол нэгдүгээр сарын 8-нд энэ үзүүлэлт 1 их наяд орчим ам.долларт хүрсэн байна. 

 

Холбоотой мэдээ