Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл багассан ч, амны хаалтных 13,3 дахин өсөв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-14 16:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 (6.7 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.1 (8.4 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 227.6 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.


Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 74.9 (6.7 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 23.6 (21.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, алтны олборлолт өмнөх оныхоос 1.1-24.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, цемент, гурил, шингэн сүү зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-11.5 хувиар өссөн байна.


Мөн нүүрсэн шахмал түлш, амны хаалтны үйлдвэрлэл 2020 онд өмнөх оныхоос 2.7-13.3 дахин өссөнийг Үндэсний статистик хороо мэдээллээ.


Түүнчлэн, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оныхоос 1.8-40.3, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, согтууруулах ундаа, шохой, катодын зэс, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-49.1 хувиар буурав.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 19.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 902.3 (4.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 539.2 (3.8 хувь) тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 470.6 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ