Г.Занданшатар: Коронавирусний халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчих ёсгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс УОК-т хандан мэдэгдэл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Цар тахлын үед онцгой дэглэмийн горим мөрдүүлэхдээ хүний эрхийг зөрчиж байгаад харуусал илэрхийлж, уучлалт гуйж, холбогдох албаныханд хариуцлага тооцох шаардлагыг уг мэдэгдэлд тусгасан байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Өнөөгийн хүнд цаг үед бид монгол ёс, үнэт зүйл, хүний эрхийг гээх учиргүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан коронавирусний халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчих ёсгүй. Тиймээс энэ хандлага нийгмийг бүхэлд нь цочроож, нийгмийн сүлжээнд ч хэлэлцүүлэг өрнөж байна. Сэтгэл дутсан, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа энэ дүр зурагтай бид эвлэрэх ёсгүй. Энэ талаар УОК-т шаардлага хүргүүлж, асуудлыг ярьсан. УОК-ын дарга холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор үүрэг чиглэл өгч байгаагаа мэдэгдсэн. Хүнд цаг үед төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн үйлчилгээний стандартыг эрүүл мэндийн болон бусад бүхий л байгууллагад нэвтрүүлэх хэрэгтэй байгааг энэ жишээ харуулж байна. УОК, НОК, ЭМЯ цар тахалтай тэмцэж, цаг наргүй ажиллаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг шаардаж байна. Дөнгөж амаржсан ээж, түүний гэр бүлийнхэн, ард иргэдээсээ уучлалт гуйж байна” гэлээ.