Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн шимтгэл нөхөн төлөх хуулийг хэлэлцэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-26 22:22:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг явуулав.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайханы асуултад хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулт өгсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.  “Хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжлээ. 


Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй зөрүүтэй байгаа заалт, зүйлүүдийг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон санал хураалгав.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 1 дүгээр зүйлийн “8 дугаар зүйлийн” гэсний өмнө “3 дугаар зүйлийн 3.1.3, 5.1 дэх хэсгийн “2020 онд мөрдүүлэхээр" гэснийг “2020-2022 онд мөрдүүлэхээр" гэж нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.


Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувь нь дэмжлээ.


Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ