Газрын тос боловсруулах үйлдвэрт Дорноговь аймгийнхан түлхүү ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-28 11:59:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Газрын тосны үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.


Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Хууль санаачлагч дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.


Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын стандарт, дүрэм журмыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, төрөөс олгох дэмжлэгийг тодорхойлох, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл төслийг анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд ажлын багаас гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураан шийдвэрлэжээ. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батлут, боловсруулах бүтээгдэхүүний үнээс хамаарч шатахуун, түлшний үнэ хамаарна гэдгийг тэмдэглээд, Газрын тос боловсруулах үйлдвэрт өөрийн түшиц орд газар зайлшгүй хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлж, энэ талын ямар төлөвлөгөө байгааг асуулаа. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Хуулийн төслийн Зургаадугаар бүлэгт үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой нөөцийг хангахын тулд газрын тосны хайгуул, ашиглалт явуулж болно гэж тусгасан хэмээн хариулав. Ингэснээр, хайгуул, ашиглалтын талбайг Засгийн газраас давуу  эрхээр олгох, үйлдвэр өөрөө эрэл хайгуул эхлүүлэх боломжтой хэмээн хариулав. 


Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг гишүүдийн асуултад хариулахдаа, үйлдвэрийн ажилчид тодорхой үе шаттай орон нутагт шилжиж ажиллах бөгөөд үйлдвэрийн орчимд хоёр оффис баригдана хэмээв. Тодруулбал, Энэтхэгийн компанийн нэг, Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхонд нэг оффис барих аж. Инженерийн ажлыг одоохондоо Улаанбаатар хотоос хийх бөгөөд цаашид Дорноговь аймгаас түлхүү ажиллах хүч авахаар төлөвлөж байгаа гэлээ. Одоогоор, 50 инженер байгаагаас 15 нь Дорноговийн харьяат иргэн байгаа аж. Үйлдвэрийн бүтээн байгуулах ажил энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд, орон нутгийн өмчит 150 хүний бүрэлдэхүүнтэй компани байгуулж үйлчилгээний ажлыг хариуцуулсныг дурдав. Бүтээн байгуулалт ид өрнөх 2022-2024 онд 6-8 мянган ажилчныг орон нутгаас авахаар төлөвлөж байгааг дуулгав. 


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, эдийн засгийн тооцоололтой холбоотой мэдээлэл хүсэв. Тэрээр, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг 1.75 хувийн хүүтэй 2025 оноос эхэлж төлөхдөө нефтийн үнэ, долларын ханшийг хэрхэн тооцсоныг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын бензин, түлш хэрэглэдэг тооцоо байгааг дурдаж, зөвхөн нэг жилийнхээ импортын хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй санхүүгээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж буйг тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын геополитикийн аюулгүй байдлаа хангах, бензин, түлшний импортын хараат бус байдлыг бий болгох стратегийн ач холбогдолтой төсөл хэмээн онцлов. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний 80-85 хувь нефтийн түүхий эдээс хамаарна гэдгийг тодотгоод, түүхий эдийн тогтвортой байдлыг хангах үүднээс илэрц тогтоогдсон талбайд эрэл хайгуулыг үргэлжлүүлэх, өөрсдийн түшиц орд газартай болох эрх зүйн үндсийг хуульд тусгаж ажил хэрэг болгохыг зорьж байна гэв. 


Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Дотоодын түүхий эдээ ашиглавал тэс өөр тооцоо гарна. Гэхдээ зах зээлийн үнээр худалдан аваад боловсруулсан ч импортын шатахууны үнээс хямдаар борлуулах ач холбогдолтой гэв. 


Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хороо дэмжсэн, ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, “энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэсэн 3.4 дэх заалтыг, “барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх” гэсэн 4.1.6 дэх хэсгийг, “орон нутгийн удирдлага газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн 4.1.7 дахь хэсгийг, “газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө” гэх 5.4 дэх заалтыг, “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасныг үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгоно” гэсэн 6.5 дахь заалтыг, “газрын тос боловсруулах үйлдвэр Засгийн газраас олгосон талбайд газрын тос хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна” гэсэн 6.6 дахь заалтыг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ