Ерөнхийлөгч Х.Баттулга Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-28 21:04:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай өнөөдөр цахим уулзалт хийлээ. 


Европын холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд манай хоёр тал тэргүүлэх чиглэлээ хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын эдийн засаг, бизнес, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор дэмжихэд түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлэв.


Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоо, Европын орнуудаас дэвшилтэт технологи, ноу-хау, мэдлэгийг хослуулан нэмүү өртөг шингэсэн, харилцан ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны төдийгүй манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий болох юм.


Үүний тулд Монгол Улс боловсруулах салбарын дэд бүтцийг барихад анхаарал хандуулж, говийн бүсэд төмөр замын бүтээн байгуулалт, мөн төвийн бүсэд “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Монгол орны говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд 1000 гаруй км усжуулах хоолойн судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм.


Уулзалтын үеэр дэлхий даяар тархаад буй коронавируст цар тахлын хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо болон гишүүн улсаас Монгол Улс вакцин авах асуудлаар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен цар тахлын хямралыг дэлхий улс орнууд хамтын хүчээр даван туулна гэдгийг онцолж, энэ хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ