Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжив.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох гэж байна. Иймд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг тус Байнгын хорооны даргаас чөлөөлж, дараагийн Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яаралтай хэлэлцэх хуультай гэв.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны дарга сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжив.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.