25 жолоочид хот хооронд зорчих зөвшөөрөл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-02 16:12:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүнс болон эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх жолооч нарын зорчих хөдөлгөөнийг батлагдсан түр журмын дагуу олгож байна. Үүний дагуу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэх зөвшөөрлийг олгох ажлыг Онцгой комиссоос аймгийн ХХААГ-т үүрэг болгосон.

Нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш 4 хоногийн хугацаанд нийт 25 жолоочид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэвтрэх зөвшөөрөл олгожээ.

ХХААГ-т бүртгэлтэй 2 хоршооноос гадна хот хооронд хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэрт хувиараа явдаг нийт 60 гаруй жолооч бүртгүүлсэн аж. Өдөрт 10 жолоочид Улаанбаатар-Дархан чиглэлд хүнс тээвэрт явуулах зохицуулалт хийсэн байна.

Жолооч нар Дарханаас явахдаа түргэвчилсэн шинжилгээ өгнө. Харин хотоос ирэхдээ тухайн өдөр хариу нь гарсан PCR шинжилгээтэй байх шаардлагыг тавьжээ. Дарханд ирсэн даруйдаа гэрийн тусгаарлалтад 7 хоног байх ёстой. Хот хооронд тээвэрт явж буй жолооч нарын явсан маршрутыг хянах зорилготойгоор гар утсанд нь жи пи эс суулгасан байна. Жи пи эс-ийг аймгийн ОБГ-аас нэгдсэн серверээр дамжуулан хянах бөгөөд Улаанбаатар хотод ямар маршрутаар явсныг харахаас гадна гар утасны цэнэг дуусах хугацаа дөхсөнийг ч мэдээлэх ажээ.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй мөн зөвшөөрөөгүй тохиолдолд хот хооронд тээвэр хийх зөвшөөрөл олгохгүй аж.

 

Холбоотой мэдээ