Зохисгүй үйлдэл гаргасан ихэр эгч дүүсийг үндэсний шигшээ багаас хасжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-02-19 16:48:30

СӨҮЛ. /Daily Mail/. Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа бусдыг дээрэлхэж байсан хэмээн БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ.


Өдгөө 24 настай Ли Жэ Ён, Ли Да Ён нар нь БНСУ-ын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн хамгийн нэртэй баг болох “Pink Spiders”-ийн гишүүд бөгөөд тус багийг БНСУ-ыг төлөөлөн Токиогийн Олимпт амжилттай оролцоход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байжээ.


Ихэр эгч дүүс өөрийг нь дээрэлхдэг байсан талаар дунд сургуулийнх нь багийн тоглогч өнгөрсөн долоо хоногт цахимаар мэдэгдсэн бөгөөд тэднийг хүч хэрэглэсэн, мөнгө хулгайлсан, бусдыг хутгатайгаар заналхийлсэн гэх мэтээр буруутгасан байна. Мөн тэдний буруутай үйлдлийн улмаас хохирсон дор хаяж дөрвөн хүн байгааг мэдэгджээ.


Гар бөмбөг нь БНСУ-ын хамгийн олон үзэгчтэй спортын төрлийн нэг бөгөөд бейсбол, гольф, хөлбөмбөгийн араас бичигддэг байна. Дунд сургуулийн багийн тоглогч нь мэдэгдэл гаргаснаас хойш ихэр эгч дүүс өөрсдийг нь дээрэлхдэг байсан талаар өөр хүмүүс ч мөн мэдээлж эхэлжээ.


Ли Жэ Ён, Ли Да Ён нар өмнө нь зохисгүй зан авир гаргаж байснаа “Instagram” хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрч, олон нийтээс хүлцэл өчжээ. “Pink Spiders” эгч дүүсийг багаасаа тодорхойгүй хугацаагаар чөлөөлсөн байна. 

Холбоотой мэдээ