Ташкентын Их дуулгад өнөөдөр манай 6 жүдоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-06 10:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекситаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын өнөөдрийн барилдаанд эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг жингийн бөхчүүд аваргын төлөө өрсөлдөнө.


Тус тэмцээнд 71 орны 497 жүдоч оролцож байгаа бөгөөд өчигдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, энэ өдөр барилдсан манай жүдочдоос 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн. Энэ өдөр медалийн тоогоор Японы шигшээ баг 3 алт, 1 мөнгөн медальтай тэргүүлсэн бол манай баг удаалж, БНСУ-ын баг 1 алт, 1 хүрэл медальтай гуравт бичигдээд байгаа юм.


Өнөөдөр Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар дэвжээнд гарч барилдах бөгөөд тэд эхний тойрогтоо хийлсэн байна. Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Афганистаны бөхтэй барилдах бол Иран гаралтай Саиед Моллаи эхний даваанд хийлж, 2 дугаар тойрогт А.Азизов /ОХУ/, Лее Муун Жин /БНСУ/ нарын хэн ялсантай барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч эхний даваанд хийлжээ. Дараагийн учраа нь Румын, Алжирын бөхчүүдийн хэн ялсантай хүч үзнэ. ОУХМ Ц.Энхчимэг 70 кг-д Узбекистаны бөхтэй учраа таарчээ.


Ням гарагт эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй -78, +78 кг-ын жүдочид татамид гарч хүч, ур чадвараа сорино. Монгол Улсаас энэ тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 жүдоч оролцож байгаа юм.


Ташрамд дуулгахад, Их дуулгад түрүүлсэн тамирчин чансааны 1000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500 оноотой болно. Тэмцээний жин тус бүрийн аварга 5000, мөнгө 3000, хүрэл медальт бөх 1500 ам.долларын шагнал хүртэнэ.

Холбоотой мэдээ