Аяллын тэмдэглэл: Монгол хөтөчтэй хийсэн баяр хөөртэй аялал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-10 14:26:38

ЛОНДОН. /The Guardian/. Улаанбаатар хотод ирээд галт тэрэгнээс буух үед Иэн Синклерийн хэлсэн “аливаа газар, орон хөтөч хийж буй хүнээрээ илэрхийлэгддэг” хэмээх үг бодолд орж ирэв. Би хөтөчтэй аялж үзээгүй ч хоёр сар орчмын хугацааг огт уулзаж байгаагүй хүнтэйгээ өнгөрүүлэхээр болсон юм.


Гэсэн ч Оюунаатай уулзаад л энгийн нэгэн хөтөч биш гэдгийг нь анзаарсан юм. Саяхан хорин нас хүрсэн тэрбээр эх орондоо маш хайртай нэгэн байв. Миний хувьд гэвэл, Монголоор аялахдаа ой ухаандаа аль болох урт хугацаанд хадгалах дурсамжийг бүтээхийг зорьж байсан юм.


Би зуны дунд үеэр хоёр сарын аялал хийхээр ирсэн байв. Монголд зуны улирал богино үргэлжилдэг бөгөөд наймдугаар сарын сүүлээр дуусаж, дараа нь цельсийн -30 хэмд хүрч хүйтэрдэг өвөл өргөн уудам нутагт айлчлан ирнэ. Ийм өргөн уудам газар нутаг, агаарын температураас үүдэн Монголд дэд бүтэц сайн хөгжөөгүй тул дотоодын нэгэн аяллын компани бидэнд аяллын маршрут гаргахад, мөн орон нутгийн алслагдмал цэгүүдэд буулгах жолоочоор туслав.


Аялалдаа гарахаас өмнө Оюунаа өөрийн төрсөн хот болох орчин үеийн нийслэлийн эмх замбараагүй замыг хэрхэн туулах тухай егөөдсөн хичээлээр танилцуулж эхлүүлэв. Тэр замын хөдөлгөөнд оролцохдоо “Би энд байна, Би энд байна...”, Битгий яар гэж хэлэх бөгөөд жолооч нар огцом эргэж байгаа нь харагдана.



Оюунаа хотын олон оршин суугчийн нэгэн адил зуны амралтаа хөдөө амьдардаг өвөө эмээтэйгээ хамт өнгөрүүлж, нүүдэлчин зан заншлыг нь уламжлан авчээ. Тиймээс улирлын аялал хийх санаа нь түүний хувьд тун танил юм. Холын аялалд гарах нь амаргүй даваа хэдий ч ууланд авирсан эхний өдөр тэрбээр сандаал өмсөж, нүүр будгийн хэрэгслээ үүрсэн байв.


Түүнтэй хамт алхах хөгжилтэй байлаа. Миний тэмдэглэл түүний ажигласан зүйлсээр баяжиж байв. Оюунаагийн хэлснээр, Уул, Цөл, Тал бол гурван үзэсгэлэн ажээ. Мөн тэр надад уулын оргил дээр зогсдог хөгшин тэхийн талаар түүх ярьж өгснөөс гадна өөрийгөө бүргэдийн анчны гэрт завилан сууж болохгүй гэдгийг хэлсэн юм.


Бид Орхоны хөндий орчмоор алхаж, эртний булшнууд, талд асгасан шагай мэт харагдах хонин сүрэг, хүрхрээгээ чиглэн урсах голыг үзлээ. Нэгэн өдөр биднийг саравчин дор сууж байхад алсаас тэмээн жигтэй сонин чимээ сонсогдоход Оюунаа нэгэн түүх ярьж өгсөн юм. Тэрээр бага байхдаа өөрийгөө эгчтэйгээ олсоор бэхлээд шүхэр барин тагтнаас үсэрсэн тухайгаа ярив. Гэрт байхаас маш их уйдсан тул ингэвэл цонхоор гарч чадна гэж боджээ.



Морь унаж, гүү сааж чаддаг тэрбээр надад анхны бөгөөд сүүлийн удаа айраг амсуулсан юм. Харин надад тийм ч таатай санагдаагүйгээс гадна бэлтгэсэн адууны махнаас нь амсаж үзээгүйд гонсойв. Тэр “дэлхийн хамгийн сайн мах” хэмээн улсдаа түлхүү хэрэглэдэг хонины махаа сайшааж байсан боловч мах идэхгүй байх зарчмаа баримталж буйд маань хүлээцтэй хандаж байв.


Бид хамгийн сүүлд Алтай Таван богдын байгалийн цогцолбор газраас Малчин уул руу авирсан юм. Таван богд нь Таван гэгээнтэн хэмээх утгатай бөгөөд Монголын хамгийн өндөр оргилууд юм. Мөн нүд алдам чулуун хөшигний цаана, Орос, Монголын хилийн ойролцоо Потанины мөсөн гол бий. 4050 метр өндөр Малчин уул нь таван уулын отгон нь бөгөөд таван оргилоос тусгай хэрэгсэлгүйгээр авирах боломжтой ганц уул нь юм.


Монголд уламжлал ёсоор уулын хөтөч нар эрэгтэй хүмүүс байдаг боловч Оюунаа авирахаар шийдсэн байсан тул ийнхүү аялсан юм. Мөн замд таарсан хөтөч нар түүнийг эмэгтэй тул уул сайшаахгүй, азгүй явдал дагуулна гэж хэлж байсан ч тэрбээр үл хайхарч байлаа.



Бид 10 өдөрт 180 километр замыг туулах шаардлагатай байсан. Есдүгээр сард ийнхүү авирсан тул хус мод хэдийн улаарч, шинэс шарлаж эхэлсэн байв. Мөн Малчин руу авирах боломжит цаг дуусах дөхөж байсан юм. Хэрэв цаг агаар муудсан бол бааз руу очих боломжгүй болох байсан. Бид өгссөөр нуугдмал хөндийнүүдийг дайран өнгөрөв. Дараа нь цас үзэгдэж эхэллээ. Оюунаа зорилгодоо хүрэхийн төлөө улам хичээж байсан боловч олон өдрийн турш аялсан тул ядарч байгаа нь ажиглагдаж байв. Би ч мөн ялгаагүй. Тэнгэрийн тахилга хэмээн нэрлэгддэг уулын хэсэг рүү өгсөж байхдаа Оюунаа руу хартал түрүүлгээ хараад хэвтчихсэн байв. Түүнийг уначихаж гэж бодсон боловч тэр “жаахан амсхийсэн” гэдгээ хэлэв.


Монголд уулын даваанууд дээр цэнхэр хадаг бүхий овоо байх бөгөөд өнгөрсөн хүн бүхэн аян замдаа сайн явахыг хүсэн цагийн зүүний дагуу гурав тойрдог. Малчинд ирэх үед би хүнд шийдвэр гаргах шаардлагатай болсон бөгөөд миний хувьд сүүлийн авиралтаа хийхэд хэт ядарсан байлаа.


Харин Оюунаагийн хувьд адууны махны хүч үү гэлтэй маргааш өглөө нь маш эрч хүчтэй болсон байв. Яг л ярьж өгсөн тэхийнхээ адил хүчтэй харагдаж, хөл нь хөнгөрсөн байлаа. Найман цагийн хугацаанд би хоолны саванд халаасан усаар амьдралдаа орж байгаагүй сайхан шүршүүрт орж, морьтой хүмүүст гоймон чанаж өгч, хүнсний майхнаасаа тарвагануудыг хөөж гаргав. Гэсэн хэдий ч ихэнх цагаа дурангаар харж өнгөрүүлсэн юм. Оюунааг санах бүрт оргил дээр гарсныхаа дараа би чадлаа хэмээн хэлж буй түүний төрх нүдэнд бууж байна. 

Холбоотой мэдээ