Халдваргүй бүсээс асуумж бөглүүлэн шууд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-15 14:10:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг руу нэвтрэх 1408 141 дүгээр шалган нэвтрүүлэх товчоонд өдөр бүр 08.00-20.00 цаг хүртэл төрийн байгууллагын албан хаагчид ээлжлэн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин, бүртгэл хөтлөн ажиллаж байна.

Халдваргүй бүсээс ирж буй иргэдийг асуумж бөглүүлэн, иргэний бичиг баримтыг шалган нэвтрүүлж байна. Дархан-Уул аймаг руу зорчих иргэд smartdarkhan.com цахим хаягт бүртгүүлсэн байх шаардлагатай юм. Одоогоор Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирэхээр нийт 300 гаруй иргэн цахимаар бүртгүүлжээ.

Харин Дарханаас гарах иргэдийн хувьд асуумж бөглөн бүртгүүлээд нэвтрэх хөдөлгөөн нээлттэй. Уул уурхайн ажилчдын ээлж солилцоо болон Дархан-Уул аймгийн сумд хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Энэ сарын 14-ний өдөр тус постоор Улаанбаатар хотоос нийт 60 гаруй тээврийн хэрэгслээр 132 иргэн ирсэн аж. Мөн бусад аймаг орон нутгаас ирсэн 85 автомашин, 167 хүнийг постоор нэвтрүүлжээ.

Харин өнөөдөр 08.00-09.00 цагийн хооронд Улаанбаатар хот болон бусад аймгаас 7 машин, 17 хүн 140-ийн постоор нэвтэрсэн байна. Аймгийн онцгой комиссын баталсан түр журмын дагуу Улаанбаатараас зөвхөн Дархан-Уул аймгийн харьяат иргэд болон хүнс, эм эмнэлгийн хэрэгслэл, түлш шатахуун тээвэр, эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байна. Ингэхдээ 72 цагийн хүчинтэй хугацаатай PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан бичиг мөн иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтыг үндэслэж байна.

Холбоотой мэдээ