Шуурганы үеэр сураггүй болсон малчин эсэн мэнд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-15 22:36:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р багийн Гүн сухай хавиар хаваржиж байсан 56 малчин Э энэ сарын 14-ний 13.00 цагийн үед малынхаа араас  мотоциклтой  яваад сураггүй болжээ. Улмаар сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг багийн малчдын хамт эхлүүлсэн байна. 

Эрлийн ажиллагаа бүтэн өдөр, шөнө буюу 27 цаг үргэлжилсний эцэст иргэн Э нь гуравдугаар сарын 15-ны 16.00 цагийн орчимд гэрээ олж иржээ. 

Тухайн иргэн үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүчтэй шуурганд газрын баримжаа алдаж гэрээсээ даруй 50 шахам км төөрчээ. Шөнийн хүйтэнд биеийн дулаанаа хадгалах, амиа хамгаалах үүднээс гал түлэн дулаацаж, үүр цайлгаад газрын чигийг гарган хөдөлжээ. Замын дунд мотоциклийн бензин дуусахад унаагаа орхин алхаж явсаар гэртээ ирсэн байна. 

Холбоотой мэдээ