Зургаан бүсэд 100 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-30 14:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 21 аймгийг зургаан бүсэд хуваан, 100 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Үндэсний хөгжлийн газраас сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдээллээ. 

Энэ талаар тус газрын дарга Х.Батжаргал хэлэхдээ, “Засгийн газраас хэрэгжүүлэх 100 төслийг эрэмблэх, зохион байгуулах ажлыг хийж байна. Томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж байж сонгодог утгаар эдийн засгийн өсөлт бий болно. Өсөлт нь хөгжил рүү шилжих процессийг хангах юм. Бид энэ чиглэлд анхаарч ажиллаж байна" гэдгийг тодотгов. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг танилцуулахдаа манай улсын хөгжлийн бодлогыг:

  • Урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлого, 
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусган хэрэгжүүлж буйг онцоллоо. 

10 жилийн зайтай гурван үе шаттай хэрэгжих “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дунд хугацаандаа 7 төрлийн бодлогоор зангидахаар хуульчилсан. Энэ нь өмнө нь гаргасан эмх замбараагүй олон баримт бичгийг цэгцэлж, нэг голдирол, нэг хэмнэлд оруулна гэдгийг онцолсон юм. Яг энэхүү орон зайн дээр Үндэсний хөгжлийн газар салбар хоорондын саналыг авах, нэгтгэх, уялдааг холбох чиглэлд ажиллах аж. Ингэж “Алсын хараа-2050” урт хугацааны малгайн дор бүх бодлогоо амь бөхтэй зангидаж, тогтвортой хэрэгжүүлэх аж. Долоон төрлийн зорилтот хөтөлбөрт дунд хугацааны буюу 10 жилийн бодлого төлөвлөжээ. Үүнд,

  • Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр,
  • Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр,
  • Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр,
  • Байгаль орчны хөгжлийн зорилтот хөтөлбөр,
  • Засаглалын  зорилтот хөтөлбөр,
  • Үндэсний өрсөлдөх чадварын зорилтот хөтөлбөр,
  • Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр байна. 

Дээрх 7 зорилт дотор бүх үндэсний хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд чиглэл бүрээрээ хуваагдан орох юм.

Ингэснээр өдий хүртэл салбар бүр том нэртэй авч хөрсөн дээрээ буудаггүй тус тусын бодлого барьж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг болиулах аж. Энэ талаар Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг хэлэхдээ, “Төрийн байгууллагууд олон төсөл, хөтөлбөр баталдаг боловч яг хэрэгжилтэд буюу хөрсөнд буухдаа бусад яам, газар, агентлагтай ямар ч уялдаа холбоо, логикгүй явж ирсэн. 


Бодлого бол бүх салбар хоорондын уялдаа холбоог хангаж, зангидсан гар шиг байх ёстой зүйл. Төрөөс баримтлах эрчим хүч, байгаль орчны гэдэг шиг тухайн бодлого нь нэг салбарын асуудал мэт харагдавч тэр нь үргэлж бусад салбартай харилцан хамааралтай байх нь олон. Гэвч хэрэгжилтийн шатандаа очихдоо нэг нэгнээ харилцан зөвшөөрдөггүй үзэгдэл гардаг нь ажил урагшлахад тушаа болж ирсэн"-ийг хэлж байв.

Сүүлийн 30 жилд Засгийн газрын хэмжээний 179, салбар дундын 21, салбар чиглэлийн 348, нийт 595 өөр бодлогын баримт бичиг батлагдсан ч эдгээрээс хөрсөн дээрээ бууж хэрэгжиж буй нь цөөн явж иржээ. Тиймээс одоо төр, засгаас хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөрийг эрэмблэх, төлөвлөх зорилго бүгд шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил дээр тулгуурлан уялдаа холбоотой хийгдэнэ гэдгийг ҮХГ-ын дарга Х.Батжаргал тэмдэглэн хэлж байна. 


Холбоотой мэдээ