Эрдэнэбулган сумын хэмжээнд вакцинжуулалтын 5 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-06 14:08:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос эхний ээлжинд нэн шаардлагатай 20000 тун вакцин захиалснаас,БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн 4040 хүн тун вероселл вакцин 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23 цаг 30 минутад Улаанбаатар хотоос цагдаагийн хяналт дор ирсэн.

Өнөөдөр аймгийн хэмжээнд вакцинжуулалт эхэлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг хамруулж эхэллээ. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийт 19 суманд вакцин хуваарилан хүргүүлэх ажил зохион байгуулсан бөгөөд өнөөдөр сум бүрт вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд вакцинжуулалтын 5 цэг ажиллаж байна. Төлөвлөгөөгөөр эхний 4040 тун вакциныг 3 хоногт хийх бөгөөд 2 дахь ээлжийн вакцин тээвэрлэлт ирэх 7 хоногт ирнэ. Аймгийн хэмжээнд нийт иргэдийн 60 хувь буюу насанд хүрсэн бүх иргэнийг хамруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ