БНАСАУ НҮБ-ын илтгэлийг шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-06 16:06:22

ПЁНЬЯН. /KCNA/.  БНАСАУ-д хил хаагдсаны улмаас 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн архаг дутагдлаар шаналж байна хэмээн НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ.


“Бид энэхүү мэдэгдлийг уваагүй, үндэслэлгүй худал мэдэгдэл гэж няцааж байна. НҮБ, төрийн бус байгууллагууд гэсэн нэрээр халхавчлан явуулж буй хүмүүнлэг гэгдэх хамтын ажиллагаа нь хэр үр дүнтэй байдгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Түүнчлэн бидэнд дайсагнасан хүчнүүдийг дэмждэг байгууллагуудын эсрэг шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн БНАСАУ-ын Нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Нийтээрээ хомстолд орж, бэрхшээлүүд тулгарч байгаа ч хүүхдийн эрүүл мэнд, хүнсний хангамжийн асуудлыг эрх баригчид эн тэргүүнд тавьдаг хэмээн тэрбээр цохон дурдав. Түүнчлэн улсын нэр хүндийг унагаах зорилгоор бодит байдлыг гажуудуулсан хэмээн НҮБ-ын шинжээчдийг буруутгажээ.


БНАСАУ-ын эрх баригчид хилээ хаасны улмаас 95 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдлаар шаналж, хүнсний хийгээд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагаас гадна 440 мянга гаруй нярай, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авч чадахгүй байна гэж өмнө нь НҮБ-ын илтгэлд дурджээ. Илтгэлийг БНАСАУ-ын төрийн бус байгууллагуудын ажилтнуудын дунд явуулсан санал асуулга дээр үндэслэн тавьсан байна. 


Холбоотой мэдээ