Г.БОЛОР-ОТГОН: Заавал уул, уурхай биш малаа маллаад сайхан амьдрах боломж бидэнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-09 20:57:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр улсын аварга фермер, тариаланч, хамт олны шагналыг аймаг, орон нутгийн удирдлагууд гэрт нь очиж гардууллаа.

Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа нар улсын аварга фермер Г.Болор-Отгоны шагналыг гардууллаа. "Ковид-19" цар тахлаас үүдэн хэдэнтээ хойшлогдсон ч улсын аваргууд ийнхүү шагналаа гардан авсан юм. Г.Болор-Отгоны тухайд гэр бүлээрээ сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлдэг.

Анх 2010 оноос эхлэн мал маллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлж, малаа өсгөсөөр өнөөдөр шилдэг фермер болж хөгжсөн байна. Цар тахал дэлхий нийтийг хамарч хөл хорио тогтоож эдийн засагт нөлөөлж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар бидэнд дутагдах зүйлээ малынхаа буянаа сайхан амьдарч байна гэж улсын аварга фермер Г.Болор-Отгон хэлж байлаа.

Заавал уул ,уурхай руу бүгд зүтгэх биш уламжлалт мал аж ахуйг орчин үетэй хослуулан хөгжүүлэх, малын ашиг шимийг зөв зүйтэй ашиглаж чадвал өгөөжөө өгдөг гэдгийг ч онцолж байлаа.

Дархан сумын хэмжээнд нийт 234 мал бүхий иргэд байдаг аж. Тэдгээрийн 119 иргэн 1-10 хүртэлх толгой малтай аж. Аймаг, орон нутгийн зүгээс мал аж ахуйг дэмжих зорилгоор тусгай газарт 120 орчим мал бүхий иргэдийн төлөвлөлтийг хийж эхэлсэн байна.

Эхний удаад цахилгааны шугам татах, худаг гаргах чиглэлээр ажиллаж байгаа аж. Харин фермерүүд болон мал бүхий иргэд бодлогоор дэмжиж уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэйг онцлохыг зэрэгцээ хандлан бэлтгэх талбай байдаггүй тул үүнийг шийдэж өгөх, фермерүүдийг нэгтгэж нэгдсэн нэг талбайд тэжээл тариалах боломжоор хангаж өгөхийг хүсч байлаа. Энэ тал дээр аймгийн хэмжээнд шийдэх гарч гаргалгааг судалж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ