Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-22 14:04:02

ШИНЭ ДЕЛИ. /Риа Новости/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 314 835 тохиолдол шинээр илэрч, нас барсан 2.1 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт жагсаж буй Энэтхэгт цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 15.9 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 13.5 сая хүн эдгэрсэн бол 184 мянган хүн нас барсан байна.  Тус улсад халдвар авсан хүний тоо 41 дэх өдөртөө дараалан нэмэгдсээр байна.

Халдварын тохиолдлын дийлэнх нь Махараштра мужид бүртгэгджээ. Тус мужид 67.4 мянга гаруй тохиолдол илэрсэн бол араас нь Уттар Прадеш муж  (33.1 мянга) бичигджээ. Түүнчлэн Дели, Карнатак, Керала мужуудад хамгийн их хүн халдвар авчээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцин хийлгэсэн хүний тоо 132 саяд хүрээд байгаа аж. Сүүлийн долоо хоногийн хугацаанд вакцин хийлгэсэн хүний тоо 2.2 саяар нэмэгдсэн байна. Одоогоор тус улсад “Covieshield”, “Covaxin”, "Спутник V" хэмээх гурван вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

 


Холбоотой мэдээ