Хятадын вакцинуудыг “COVAX” хөтөлбөрт нийлүүлснээр дэлхийн вакцины хүртээмж нэмэгдэнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-04 18:26:32

БЭЭЖИН. /CGTN/. Энэтхэгт “COVID-19” халдварын тархалт саяхнаас эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхий дахинд халдварын шинэ тохиолдлын тоо есөн долоо хоног дараалан, нас барсан тохиолдлын тоо зургаан долоо хоног дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


Өрнөдийн орнууд вакциныг нөөцөлж байгаа бол бага орлоготой улсуудын зарим нь ямар ч вакцин авч чадаагүй байна. “COVID-19”-ийн вакцины хүртээмж ийнхүү тэгш бус байгаа нь цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэлд саад тотгор болж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.


“Вакцины хуваарилалт, хүртээмж тэгш бус буй энэ үед бага орлоготой улс орнуудын хувьд “COVID-19” цар тахлыг хяналтад авах хамгийн боломжит арга нь дэлхий даяар вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөр юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.


Гэсэн хэдий ч Энэтхэгт “COVID-19”-ийн нөхцөл байдал дордож буй нь “COVAX” хөтөлбөрийн хүрээн дэх вакцины нийлүүлэлтэд саад болж болзошгүй байна. Энэ нь тус улс хөтөлбөрийн хүрээнд вакцин үйлдвэрлэхээсээ илүүтэйгээр өөрийн улсын иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангахад гол анхаарлаа хандуулж байгаатай холбоотой юм.


“Энэтхэгээс нийлүүлэх вакцин удааширч байна. Эмийн бодисын хомсдолтой холбоотойгоор вакцин үйлдвэрлэгчдэд асуудал тулгараад байна” гэж ДЭМБ-ын дэд тэргүүн Мариангела Симао тус байгууллагын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.


Гэхдээ БНХАУ-ын “Sinopharm” болон “Sinovac” компанид үйлдвэрлэж буй “COVID-19”-ийн вакцинуудыг ДЭМБ онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийн жагсаалтад ирэх долоо хоногийн эцсээр оруулах төлөвтэй байгаа тул вакцины хомсдол удаан үргэлжлэхгүй байж магадгүй гэж тус байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.


ДЭМБ эдгээр вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олговол БНХАУ нь ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан өрнөдийн бус анхны орон болох юм.


“ДЭМБ-ын зөвшөөрөл нь дэлхийн вакцины нийлүүлэлтэд “Хятадын вакцинуудын оруулах хувь нэмэр”-ийг нэмэгдүүлэхэд “чухал нөлөө” үзүүлэх болно. Ийнхүү зөвшөөрөл олгосноор “COVAX” хөтөлбөрт Хятадын вакцинуудыг нийлүүлэх боломжтой болох юм” гэж АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Гадаад харилцааны зөвлөл” хэмээх бие даасан судалгааны байгууллагын эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Хуан Яньжун хэлжээ.


Түүний хэлснээр, Хятадын вакцинуудыг хүлээн авсан улс орнууд эдгээр вакцинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсээр байгаа ажээ.


“Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн зүйр үг байдаг. Цар тахал дэгдсэн үеэс БНХАУ манай улсад тусалж, жинхэнэ нөхөрлөлийн мөн чанарыг харуулсаар байна” гэж Босни-Херцеговин улсын Гадаад хэргийн сайд Анкица Гудельевич ярьжээ.



Oдоогоор дэлхийн 70 орчим улс орон Хятадын вакцинуудыг хэрэглэж байна. Тухайлбал, хамгийн сүүлийн мэдээллээр Египет “Sinovac”-ийн вакциныг хэрэглэхийг дөрөвдүгээр сарын 26-нд зөвшөөрсөн бол Бангладеш “Sinopharm”-ын вакциныг ашиглах зөвшөөрлийг дөрөвдүгээр сарын 29-нд олгожээ. Ингэснээр тус хоёр улсын вакцинжуулалтын ажил эрчимжих шатандаа орсон байна.


Дэлхийн хөгжиж буй улс орнуудын вакцины эрэлт хэрэгцээг хангахын тулд “COVAX” хөтөлбөрт эхний ээлжид 10 сая тун вакцин хандивлахаар төлөвлөж буйгаа БНХАУ мэдэгдээд байгаа юм. “Энэ нь вакцины тэгш хуваарилалтыг хөхиүлэн дэмжих, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх үзэл баримтлалыг дэмжих зорилгоор БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ юм" гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мэдэгджээ. 

Холбоотой мэдээ